Хотын баруун захад байрлах “Авто худалдааны цогцолбор”-т хөрөнгө 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өнөөдөр /2017.08.21/ мэдэгдлээ.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нийслэл хот доторх авто машин, техник болон тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг томоохон зах, жижиг цэгүүдийг нэгтгэн, нэгдсэн цэгт төвлөрүүлэх “Авто Худалдааны Цогцолбор” байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулаад буй. Тус цогцолборын үйл ажиллагааг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцах бөгөөд төсвөөс бус өөрийн үйл ажиллагааны орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлэн ажиллах юм.
Нийслэл хотын дотор 27 га талбайд буюу авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалах зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг есөн томоохон зах, 34 цэгүүдэд нийт 7000 автомашины зогсоол байдаг бол шинээр төлөвлөгдсөн “Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, том, жижиг оврын нийт 14000 авто машины зогсоолтой байхаар, бизнес эрхлэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, авто машин худалдах зогсоолуудыг нэгийг нь дөрвөн сая төгрөгөөр худалдан авсан байна. Гэтэл 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 500 бизнес эрхлэгч хотын удирдлагын шийдвэрийг дөрвөн жил хүлээж, мөнгөө эргэлдүүлж чадахгүй суугаа аж. Тиймээс тэд өнөөдөр /2017.08.21/ “Хотын удирдлага, тэр дундаа ажлын хэсгийг ахалж буй нийслэлийн Засаг даргын орлогч Т.Баярхүүгээс ширээний ард суугаад ярьдаг яриагаа ажил хэрэг болгож, асуудлыг бодитой шийдэн, хөрөнгө оруулалтыг ашигтай болгож өгөх”-ийг шаардав. Тодруулбал тэд “ Тус цогцолборт авто машины болон сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэхээс гадна, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, техникийн хяналтын үзлэгийн төв /оношлогоо/, банк санхүүгийн болон татвар, даатгалын зэрэг төрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын салбар төвүүдийг төвлөрүүлж, улмаар авто засвар, авто угаалга, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох зорилготой ажиллаж байна. Бизнесийнхээ зарчмыг дагаад хэн түрүүлж хөдөлсөн нь хожино гэсэн ч бодит байдал дээр өөр байна. Өнөөдрийн нээлт шоу болоод эцсийн шийдвэр гаргаад зогсоод, үлгэр домгийн яриа болж хувирах вий. “Авто худалдааны цогцолбор”-т худалдааг төвлөрүүлэх ажлыг нэгтгэж, баталгаатай, амьдралтай шийдвэрээ гаргаач. Дөрвөн жил тэвчээртэй хүлээлээ. Одоо харин 14 хоногийн хугацаа өгч байна. Хотын удирдлага, Баярхүү нар дорвитой шийдвэр гаргаж, мөрдөж ажиллах журам батлахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” гэж мэдэгдлээ.
Хөрөнгө оруулагчдын төлөөл Д.Батсайхан “2015 оноос хойш бизнесийн орчныг нь сайжруулна гэж хэлээд өдийг хүртэл хүлээсээр явна. Хэдэн харуулууд байж байна. 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Талбай, газрыг нь дуудлага худалдаагаар зарсан. Энэ мөнгөөр одоогийн зах зээлийн ханшаар хоёр өрөө байр авнө. “Одоо ажилд орно” гэсээр дөрвөн жил хохироолоо. Банкинд хадгалсан бол өсөх байлаа энэ мөнгө.” гэв.
Д.УУДАМ