Албан бус тооцоогоор 200 мянга гаруй Монголчууд гадаад амьдарч байна. Үүнээс 50-70 мянга орчим нь мэдлэгээ дээшлүүлж сурахаар явсан залуучууд байдаг аж. Эдгээр залуусын төлөөлөл болсон дэлхийн 28 улсад суралцаж буй Монгол оюутнууд Улаанбаатар хотноо өнөөдрөөс /2017.08.21/ чуулж байна.
Чуулган гурван өдөр үргэлжлэх бөгөөд “Хилийн чанадад суралцаж буй иргэдийн нэгдсэн мэдээллийн сан”-г үүсгэх асуудлаар хэлэлцэж байгаа юм.
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл “Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн мэдээллийн санг хийх шаардлагатай байна. Өнөөдрийн чуулга уулзалтын сэдвийн хүрээнд гадаадад сурч байгаа оюутнуудын мэргэжлийг судлах шаардлагатай. Жишээлбэл, Манай улсад шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжил нэн шаардлагатай байгаа нь харагддаг. Тайвань Улсад суралцаж буй оюутнуудын 60-аад хувь нь эдийн засаг, нийгмийн чиглэлээр сурч байгаа. Гэтэл Тайвань Улс нь инженер, шинжлэх ухаанаараа хөгжсөн орон. Энэ тоог харахад төрийн янз бүрийн тэтгэлэг болоод хувийн шугамаар явж байгаа оюутнууд мэргэжлээ буруу сонгож байгаа нь харагдаж байна” гэлээ.
Гадаадад сурахаар явсан иргэд тэндээ үлдэж ажиллах тохиолдол их байдаг. Учир нь эргээд эх орондоо ирэхэд ажлын байрны хүрэлцээ дутмаг асуудал үүсдэг байна. Үүний нэг шалтгаан нь мэргэжил сонголт буруу хийсэн байдаг гэж чуулганд оролцож буй оюутнууд хэлж байна. Иймээс орон, оронд үйл ажиллагаа явуулж буй Монгол оюутнуудын холбоо, ТББ-уудтай хамтарч энэхүү нэгдсэн санг үүсгэх, нэгдсэн сангийн тооцоо, судалгаан дээр үндэслэн төр засгаас бодлого гарган уялдан ажиллах зорилготой гэнэ.
Украйн Улсын Киев хотын Тээврийн их сургуульд суралцаж буй Б.Анхбаяр дунд сургуулиа төгсөөд хэлний бэлтгэлд сурч ирээд Украйн Улсын Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч тэнцжээ. Түүнээс гадаадад сурч буй оюутнуудад тохиолддог бэрхшээлийн талаар асуулаа.
Тэрээр “Яг одоогоор тулгараад байгаа бэрхшээл гэвэл манай консул татан буугдах шийдвэр гарчихсан байгаа. Аливаа бичиг баримт, зарим нэг зүйл хөөцөлдөх бол Украйны Засгийн газар болон Боловсролын яаманд ханддаг. Хэрэв консул маань татан буугдчих юм бол бид Польшийн элчин сайдын яаманд харьяа болно. Тэгэхээр бид Европийн холбооны виз даруулж байж польшийн элчин сайдын яамтай биечлэн очиж уулзах шаардлагатай болж эхэлж байгаа. Энэ мэтчилэн төвөгтэй асуудлууд гардаг. Бусдаар бол сургууль болон нийгмийн байдал Украйнд харьцангуй тайван болсон байгаа” гэв.
Б.Анхбаяр нь Украйн Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй учир сургалтын төлбөрт санаа зовох зүйлгүйгээ хэлсэн бөгөөд хэлний бэлтгэлд 2100 ам.долларыг зарцуулсан юм байна.
Чуулганы сүүлийн өдөр энэ сарын 23-ны өдрийн 09.30 цагаас “Holiday INN” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана. Энэ үеэр хилийн чанадад суралцах хүсэлтэй залуучуудад мэдээлэл, зөвлөгөө өгөх бөгөөд Сонирхсон хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй байх гэнэ.