-МАН-ын генсек У.Хүрэлсүх Д.Тэрбишдагва гишүүнтэй ам зөрөхдөө “Таны эсрэг залуучуудын байгууллагаа хөдөлгөнө” гэж хэлсэн тухай сүүлийн үед шуугиж байна. Д.Тэрбишдагва гишүүн ч НАМЗХ-ны залуучуудаас айж байгаагаа хэлээд байгаа. Энэ талаар та бүхэн юу хэлэх вэ?
-Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдийг уншсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хариуцлагатай бас ахмад хүн байж хачирхалтай зүйлүүд их ярьсан байна билээ. Түүний ярилцлага мэдэгдлүүд нь үнэхээр гайхшрал төрүүлж байна. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргатай ам зөрсөн байж болно. Тэгвэл тэр хүнтэйгээ л ярих юмаа ярина биз. Мөрөөрөө явж байгаа залуучууд руугаа дайрах хэрэг баймааргүйсэн. Түүний эсрэг нэг ч муу зүйл хийж, муу үг хэлээгүй манай холбооны ерөнхийлөгч рүү тэгтэл дайрч давшилж яах нь вэ дээ гэж бодсон. Нас намбатай байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч өөрийн хүүхэд шигээ залуусыг харааж зүхэн нэрийг нь хараар будахын оронд урам хайрлах хэрэгтэй биш үү. Д.Тэрбишдагва гишүүнийг энэ парламентад сонгогдохын төлөө МАН-ын залуучууд өдөр шөнөгүй зүтгэж байсан цагийг эрхэм гишүүн мартсан бололтой.
-Гэхдээ У.Хүрэлсүх даргын хэлсэн үг түүнд хүндээр туссан учраас ингээд байгаа байх.
-Манай холбоо монголдоо томд тооцогддог залуучуудын байгууллагын нэг. Бидэнд хүлээсэн үүрэг хариуцлага гэж бий. Бид хэн нэгний заавараар тэрний эсрэг хөдөл гэсний тоогоор дөрлүүлж байдаггүй. Дорвитойхон ажлын төлөө гар нийлж, хөдлөхөө хүрвэл хэнээр ч хэлүүлэхгүй. Зөв зүйлийн төлөө хэнээс ч айхгүй тэмцэж чадна. Гэхдээ Д.Тэрбишдагва гишүүн манай байгууллага руу дайрч буй шалтгаан нь арай өөр зүйл болов уу гэж таамаглаж байна.
-Чухам ямар шалтгаантай гэж?
-Өнгөрсөн оны сүүлээр Сонгинохайрхан дүүргийн залуучуудын байгууллагын чуулган болж холбооны даргын асуудал яригдсан юм. Тэр үед Д.Тэрбишдагва гишүүн ойрынхоо нэг залууг даргад дэвшүүлэхээр санал тавьсан юм билээ. Харин дүүргийн залуучуудын холбооны даргыг дээрээс томилдоггүй, дүүргийн холбооны гишүүд нь сонгодог журамтай. Ийм учраас түүний зүтгүүлсэн залуу дарга болж чадаагүй. Үүнээс болоод Д.Тэрбишдагва гишүүн манай холбооны ерөнхийлөгч болон манай холбооны нийслэлийн асуудал хариуцсан удирдлага руу утасдаж “ална шүү, чи миний үгэнд ордоггүй хэн юм бэ, харж байгаарай.” Гэж заналхийлж байсныг би мэднэ. Биднийг үзэн ядах болсон үндсэн шалтгаан нь ердөө л энэ байх. Үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч ч тэр, манай залуучуудын байгууллага ч түүний эсрэг ямар нэгэн байр суурь илэрхийлж, мэдээлэл цацаагүй гэдгийг сэтгүүлч та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед залуучууд руугаа ална шүү гэж заналхийлж байсан энэ хүн биднээс айж байна гэхээр үнэхээр инээдтэй санагдаж л байна. Манай холбооны ерөнхийлөгч ажлаа л хийцгээе, хэн нэгэн хувь хүн рүү дайрсан байр суурь илэрхийлэхгүй шүү гэсэн зарчим барьсаар ирсэн. Бид ч үүнийг дэмждэг. АН-ын залуус янз бүрийн утгатай ярилцлага өгөөд л явж байдаг. Харин бид шууд шүүмжлээд байдаггүй. Харин залуучуудын өмнө тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд аль болох хамтдаа зүтгэе гэсэн зарчимтай ажиллаж ирсэн.
-Танай холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нэр дээрээ хэд хэдэн нам байгуулахаар бүртгүүлсэн нь нэлээд яриа дагуулсан. Тэгэхээр НАМЗХ-ныхан цөм нам байгуулан гарах гэж байгаа хэрэг үү?
-Шууд хариуцчихъя. Мэдээж тийм зүйл хэзээ ч болохгүй. Намын 26-р Их хурал намын шинэчлэлийн хувьд түүхэн ач холбогдолтой болсон гэж залуучууд бид үзэж байгаа. Харин одоо тавьсан зорилтоо зоригтой хэрэгжүүлэх хүлээлт үлдээд байна.
-МАХН гэсэн товчлолын алдахгүйн тулд нэг хүн нэр дээрээ 5, 6 нэр бүртгүүлнэ гэдэг байж болох хэрэг үү? Ямар учраас ингэсэн юм бэ?
-Үнэндээ шинэ жилийн өмнөхөн МАХН-ынхан түр штабынхан намын олон нэр авах гэж байна. Хүмүүсийн иргэний үнэмлэх цуглуулах ажлыг нь м.Алтаншагай, м.Туяа гэх мэтийн хүмүүс цуглуулж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Тиймээс тэднээс өрсөж энэ нэрийг авах нь зүйтэй гэж үзсэн. Аваагүй бол өнөөдөр Ц.Шинэбаяр тэргүүтэй хүмүүст эдгээр нэрс очих байсан нь тодорхой.
-Нэгэнт та нар МАН нэрийг сонгосон. Тэд яагаа тэр нэрийг авч болохгүй гэж.
-Тэд авсан бол магадгүй Д.Тэрбишдагва гишүүн одоо “өрсөөд авахгүй яасан юм, манай залуус ийм сүйхээгүй” гээд л ярилцлага өгөх байсан биз. Үгүйсгэх аргагүй шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн албыг хашихаас гадна, Хэрэг Эрхлэх Газрын Намын байгуулалтын хэлтсийн даргын албатай хүн. Энэ өнцгөөс нь харвал намынхаа эв нэгдлийн төлөө ингэж тэмцэхэд юу нь буруу гэж. Д.Тэрбишдагва гишүүн өөрөө байсан ч ингэж л байсан биз. Гэрээг нь нураах санаа өвөрлөөд, өөрсдийг нь бэрд гэж нэрлээд явж байгаа хүнийг ямар зорилгоор өмөөрөөд, нөгөөх нь нэг их өрөвдөлтэй хуурамч царай гаргаад яваад байгааг үнэндээ сайн ойлгохгүй л юм.
-Намын Ерөнхий нарийн бичгийн дарга чинь уурлаад элдэв үгээр дайрсан гэдэг тухайд та юу хэлэх вэ? Бас Д.Тэрбишдагва гишүүн та нараас айж байгаа гэсэн. Танай байгууллагаас ямар нэг зүйл хийх үү?
-Ер нь Д.Тэрбишдагва гишүүн намынхаа генсекийг элдэвээр хэлж, шүүхэд хандана энэ тэр гээд явахын оронд өөртөө ч гэсэн дүгнэлт хийх хэрэгтэй л дээ. Хүн уурласан үедээ элдэв үг хэлчихдэг гэдгийг тэр өөрөө харин ч сайн мэддэг хүн байх. Өөрөө нэг удаа УИХ-ын гишүүн тэр тусмаа эмэгтэй хүн рүү элдэв үгээр дайрч, доромжилж байсаныг нь хүмүүс санаж л байгаа байх. С.Оюун гишүүнийг доромжилсон нь хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн учраас өөрөө уучлалт гуйж байсан биз дээ. Ц.Шинэбаяр гишүүн ч гэсэн манай холбооныхон Дорнодод очоод ирсний дараа “Дорнодын ард иргэдийн сэтгэл зүйг олон машин хөлөглөн очсон залуучууд өөрчилсөн учраас манай нутгийнхан надад таагүй хандаад байна” гэж ярьсан байна билээ. Ингэж залуучууд руугаа боорлохоо болиоч. Бүгд л залуу насыг дайраад л ирсэн биз дээ. Энэ мэтийн хэрээс хэтэрсэн зүйлүүд олон гарч байна. Энэ бүхнийг удаан харлаа. Сүүлдээ хэрээс ч хэтэрч байх шиг. Гэхдээ бид түүний эсрэг өөр шиг нь ёс зүйгүй зүйл хийхгүй. Харин манай намын залуус энэ шантаажны улс төр хийдэг хөгийн зүйлсээс салахын эсрэг бол тэмцсэн шиг тэмцэх болно гэдгээ хэлье.
Б.Манд