Аялал жуулчлалд бодлого, гүйцэтгэл чухал

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалд бодлого, гүйцэтгэл чухал

Аялал жуулчлалд бодлого, гүйцэтгэл чухал

ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн (БУХС) Технологийн менежментийн салбарын аялал жуулчлалын менежментийн хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор (Ph.D) Л.Амартүвшинтэй аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрийн сургалт, аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлын талаар уулзаж ярилцлаа. 

-Яриагаа ШУТИС-д аялал жуулчлалын менежментийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүх, онцлогоос эхэлье. 

-ШУТИС-д 2003 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрөөр Бизнесийн удирдлагын бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй. Миний бие анх энэ мэргэжлийг нээхэд багшаар ажилд орж байснаас хойш 14 жилийн хугацаа өнгөрсөн байна. 2014 онд ШУТИС-д явагдсан бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуульд (хуучнаар КТМС, НТС)Аялал жуулчлалын менежментийн хөтөлбөрийн сургалтыг эрхлэн явуулж байна. Өнгөрсөн хугацаанд манай багийн хамт олон сургалтын хөтөлбөрийг зах зээлийн эрэлт, хэрэгцээ, олон улсын аялал жуулчлалын менежментийн сургалтын жишиг, стандартад нийцүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрийг 2007, 2014 онуудад тус тус шинэчлэн сайжруулсан юм. ШУТИС-ийн залуу багш нарыг өндөр хөгжилтэй оронд суралцуулах, эрдмийн зэрэг хамгаалуулах бодлогын хүрээнд Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр БНСУ-ын Кёнхи их сургуульд (Kyunghee University) 2008-2013 онуудад докторантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан. Мөн энэ бодлогын хүрээнд манай багийн багш Ж.Баасангэрэл Японд магистрын зэрэг хамгаалсан байдаг. Одоо профессорын багийн хүрээнд 5 багш ажиллаж байгаагаас 1 багш маань БНХАУ-ын Харбины их сургуулийн докторантурт суралцаж байна. Багш нар маань гол төлөв практикт 3-5 жил ажиллаж байгаад багш болсон хүмүүс байдаг. Аялал жуулчлал нь хүний аялан явахтай холбоотой бүхий л асуудлыг тал бүрээс нь судалдаг, шинжлэх ухааны олон салбарын мэдлэг, огтлолцол дээр хөгждөг онцлогтой салбар байдаг. ШУТИС нь газарзүй, хоолны технологи, түүх, гадаад хэл, соёл, тээвэр, бизнесийн удирдлага, маркетинг, сэтгэл судлал зэрэг аялал жуулчлалын боловсролд шууд чухал нөлөө бүхий мэргэшсэн сургалтын нэгжүүдтэй байдаг нь тус хөтөлбөрийг чанартай бэлтгэх харьцангуй давуу талыг бий болгож байдаг гэж хэлж болно. Манай сургуулийн бас нэг онцлог нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн Бизнесийн удирдлагын цөм хөтөлбөрөөр эхний 2 жил суралцан сүүлийн 2 жилд аялал жуулчлалын нарийн мэргэжлийн хичээлүүдийг үзэж судалдаг. 2015 онд тус хөтөлбөрийн сургалт явагдах орчин, чанарт БМИҮЗ-өөр хөндлөнгийн шинжилгээ, үнэлгээ хийлгүүлж Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл авсан. Одоогийн байдлаар бид хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэх, нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд бусад хөтөлбөрөөс ялгагдах онцлог байдаг уу? 

-Бүх хөтөлбөртэй харьцуулах боломжгүй ч ойролцоо түвшний мэргэжлүүдээс ялгагдах үндсэн 4 онцлог шинж байна гэж үзэж болно. Өмнө дурдсанчлан аялал жуулчлал нь шинжлэх ухааны олон салбар ухааны огтлолцол дээр үүссэн гэдэг утгаар олон талын мэдлэг, чадвар шаарддаг онцлогтой. Гэхдээ мэдээж ‘бүхний дээгүүр биш, бүгдийн гүнрүү’ гэдэг зарчмыг тодорхой хүрээнд баримтлах шаардлагатай. Энэ ч утгаар бизнесийн удирдлагын суурь хөтөлбөрөөс гадна зочид буудал, зоогийн газар, хөтөч-тайлбарлагч, үйлчилгээний зохион байгуулалт гэх мэт салбарын хүрээнд хамаарах ажлуудыг эрхлэх олон талын мэдлэг, чадварыг олгох шаардлагатай болдог. Энэ нь нөгөө талаас оюутнуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж бизнес болон үйлчилгээний олон салбарт үр дүнтэй ажиллах боломж, бололцоог бий болгодог. Хоёрдугаарт, ерөнхий чиглэлийн мэдлэг олгодог мэргэжлүүдийг бодвол тодорхой нэг салбарын асуудлыг нарийвчлан судалдгийн хувьд үзэх хичээл, агуулга, кэйс харьцангуй тодорхой байдаг. Жишээлбэл Бүтээгдэхүүн төлөвлөлтийн онолын хувьд аялал жуулчлалын тодорхой бүтээгдэхүүнийг хэрхэн төлөвлөх, үйлчилгээний бүрдэл хэсгүүдийг тодорхойлох, жуулчдын ямар эрэлт хэрэгцээг яаж хангах, салбарын онцлог зэрэг асуудлыг нарийвчлан судалдаг гэсэн үг юм. Аялал жуулчлалын байгууллагууд амжилттай ажиллахын тулд урт хугацаагаар ажлаа төлөвлөх, зохион байгуулах шаардлагатай байдаг. Энэ нь ‘ерөнхийгөөс нэгжрүү шилжих’ гэдэг утга санааг түлхүү агуулсан байдаг. Гуравдугаарт, аялал жуулчлалын хөдөлмөрийн зах зээлийн онцлог, мэргэжлээс хамааран дадлага эзэмшүүлэх, чадвар олгох талын хичээлүүд илүү өндөр хувьтай орж ирдэг. Швейцари болон Европын орнуудын аялал жуулчлалын сургалтанд нийт цуглуулах кредитийн бараг тал хувь нь дадлагын талын хичээлд олгогдсон байдаг. Мэргэжлийн ийм онцлогоос хамааран ‘мэдлэг олгох сургалтаас чадвар олгох сургалт’-руу шилжих шаардлага илүү их тавигддаг. Манайд ч гэсэн компаниуд практикт шууд ажиллах чадвартай тухайлбал аялалын хөтөлбөр, маршрут гаргах, жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлэх, судалгаа хийх, бизнесийн бодлого, стратегийг тодорхойлох гэх мэт тодорхой чадваруудыг эзэмшсэн байхыг төгсөгч нараас шаардаж байна. Дөрөвдүгээрт, мэргэжлийн онцлогоос хамааран хүнтэй харилцах, хэрэглэгчид буюу жуулчидтай тулж ажиллах, тэднийг ойлгох шаардлага өндөр. Энэ ч үүднээс жуулчдын зан төлөв, хүн судлал, сэтгэл судлалын чиглэлийн хичээлүүд чухал үүрэгтэй байдаг. Ер нь аялал жуулчлалын үйлчилгээ маань төр, тээвэр, зочид буудал, ресторан, худалдаа үйлчилгэээний цэгүүд, аялал жуулчлалын тур оператор, тур агент, үзвэр үйлчилгээний газрууд, тухайн улсын визний бодлого, орон нутгийн иргэд гэх мэт аялал жуулчлалын үйлчилгээнд хамаарах олон байгууллага, хүмүүсийн хамтын үйл ажиллагааны үндсэн дээр явагддаг цогцоор хөгжих шаардлагатай бүхэл бүтэн систем байдаг. Эдгээр онцлог, ур чадваруудыг олгоход сургалтын бодлогыг чиглүүлж ажиллаж байна.

-Аялал жуулчлалын менежментийн мэргэжлээр төгссөн хүмүүс хаана ямар ажил эрхлэх боломжтой байдаг вэ? 

-Аялал жуулчлалын менежмент нь Боловсролын яамнаас баталсан стандартын дагуу Бизнесийн удирдлагын чиглэлд хамаардаг. Аялал жуулчлалын бизнесийн болон төрийн байгууллагууд, зочид буудал, хөтөч-тайлбарлагч, зоогийн газар болон үйлчилгээний бизнесийн байгууллагуудад ажилтан, удирдах ажилтнаар ажиллах үндсэн зориулалтаар бэлтгэж байгаа. Бизнесийн удирдлагын цөм хөтөлбөрөөр 2 жил хичээллэх тул бизнесийн мэргэжилтэн, судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллах боломжтой хөрвөх давуу талтай мэргэжил байдаг. 

-Салбарын өнөөгийн байдал, хэтийн хандлагыг та юу гэж төсөөлж байна? 

-Олон улсын хэмжээнд авч үзвэл аялал жуулчлалын салбар нь дэлхийн 2-р дайнаас хойш маш хурдацтай өсч дэлхийн олон улс орны эдийн засгийн голлох салбар болсон төдийгүй энэ салбар шинжлэх ухаан нь өөрийн гэсэн судлагдахуунтай мэдлэгийн томоохон салбар болон хөгжсөн байдаг. Тухайлбал 1950 онд дэлхий даяар олон улсын буюу нэг улсаас нөгөө улсад аялах хүмүүсийн тоо 25 сая байсан бол 1995 онд 533 сая, 2016 онд 1 тэрбум даван гарсан төдийгүй улс орнуудын дотоодын аялал жуулчлал ч мөн өндөр өсөлтийг үзүүлж ирсэн байдаг. Хятад, АНУ, БНСУ, Испани, Сингапур зэрэг олон улсын эдийн засгийг аялал жуулчлалгүйгээр төсөөлөхийн аргагүй байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор цаашид ч зах зээлийн эрэлт өсөлттэй байхаар төсөөлөгдөж байгаа бөгөөд 2030 он гэхэд 1,8 тэрбумд хүрнэ гэсэн прогноз гаргасан байдаг. Манай улсын хувьд 1990 оноос хойш эдийн засгийн нээлттэй хаалганы бодлого баримталсны үр дүнд аялал жуулчлалын салбар хурдацтай өсч гаднаас ирэх жуулчдын тоо хурдацтай нэмэгдэж байсан боловч сүүлийн жилүүдэд жуулчдын тоо 500 мянгаас хэтрэхгүй харьцангуй зогсонги байдалд орсон байсан. Энэ жилээс өсөлттэй байхаар хандлага гарч байна. Мэдээж аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс тус салбарыг хөгжүүлэх хүчтэй бодлого явуулахгүй бол бид дэлхийн аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр суурь буурах, өрсөлдөх чадвар буурах эрсдэл бий. Том зургаар нь авч үзвэл манайд олон улсын сүлжээ зочид буудлууд байгуулагдаж нийт зочид буудлын хүлээн авах чадвар өссөн, аялал жуулчлалын байгууллагуудын үйлчилгээний чанар, материаллаг бааз дээшилсэн, зам тээвэр болон харилцаа холбоо хөдөө орон нутагт хөгжих болсон, манай компаниуд харьцангуй туршлага хуримтлуулж байгаа зэрэг олон ахиц дэвшил гарч байгаа ч бидний хөгжил харьцангуй удаан явагдаж байна гэж хувьдаа боддог. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, байгалийн болон соёлын нөөц боломж, газарзүйн байршлаас хамааран манай улсад эдийн засгийн хувьд хөгжүүлэх боломжтой тэргүүлэх салбаруудын нэг нь аялал жуулчлал мөн гэж эдийн засагчид, улс төрчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг ч энэ салбарт дорвитой нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалт, үйлчилгээний төрөл, чанар дутмаг хэвээр байна. Олон улсын аялал жуулчлал хөгжүүлж байгаа туршлагаас үзэхэд аялал жуулчлалыг хувь хүмүүс бизнес эрхэлж байгаа нэг хэлбэр гэж үзэж хандахаас илүү төрийн бодлогын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх эдийн засгийн таатай нөхцөл боломжуудыг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, тус салбарт бага хүүтэй зээл олгох гэх мэт зэрэг зэрэг олон арга замаар дэмжиж байна. Энэ нь эргээд ажлын байрны багтаамж ихтэй тус салбарыг өсгөх, эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг өсгөх зэргээр эдийн засагт чухал хувь нэмрийг оруулж байдаг. Ялангуяа эдийн засгийн хямралтай, валютын хэрэгцээ өндөр байгаа өнөө үед гол түших салбаруудын нэг бол аялал жуулчлал юм.

-Судлаачийн хувьд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд манайд юу хийх шаардлагатай байна вэ? 

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тулгын гурван чулуу нь хүний нөөц, дэд бүтэц, зар сурталчилгаа байдаг. Ямар ч сайхан газар байлаа гээд түүнийг сурталчилж хүмүүст таниулахгүйгээр, хүмүүсийг зорин очих, тав тухтай байрлах дэд бүтэцгүйгээр, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэж үйлчилгээг чанарын өндөр түвшинд зохион байгуулах чадварлаг хүмүүсгүйгээр аялал жуулчлалын хөгжлийг төсөөлөх боломжгүй гэсэн үг. Ер нь сайн үйлчилгээ үзүүлнэ гэдэг бол амаргүй ажил. Өнөө үед ер нь үйлчилгээний салбарын эзлэх хувь хэмжээ, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь олон улс оронд ДНБ, ажил эрхлэлтийн талаас илүү хувийг эзлэх болсон төдийгүй уг салбарт шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан үйлчилгээ явуулах, үйлчилгээний ажилтнуудыг нарийн мэргэшүүлж сургах, дадлагажуулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэхэд олон арга, техникүүдийг ашиглах болсон. Өөрөөр хэлбэл нарийн мэргэшсэн бэлтгэгдсэн хүмүүсгүйгээр бид чанартай үйлчилгээ үзүүлэх тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлж өрсөлдөх чадвартай болгох талаар ярих нь хоцрогдсон үзэгдэл болно. Ер нь зөвхөн төгсөгч төдийгүй салбарт ажиллаж байгаа хүмүүсийг тодорхой үечлэлтэйгээр тогтмол сургалтанд хамруулж мэдлэг, чадварыг нь дээшлүүлж байх тогтолцоо манайд дутмаг байдаг нь анзаарагддаг. Дараагийн нэг чухал асуудал бол аялал жуулчлалын чиглэлийн судалгаа, мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх явдал юм. Судалгааны үр дүн, мэдээлэл нь аливаа бизнесийн үйл ажиллагаа, шийдвэр гаргахад нэн чухал ач холбогдолтой байдаг. Сайн хийгдсэн судалгаа нь хөрөнгө оруулалтаа оновчтой хийх, судалгаа хийхэд гаргасан зардлыг хэд дахин нугалж үр ашиг хүртэх төдийгүй гарч болох аливаа үргүй зардлаас татгалзах, амжилттай ажиллах мэдээлэл, нөхцлүүдийг бүрдүүлж зааж өгч байдаг. Тухайлбал манайд жуулчдын зан төлвийн талаар хийгдсэн ихэнхи судалгаанууд та яагаад монгол оронд ирсэн бэ? гэсэн асуултыг ирсэн жуулчдаас голцуу авсан байдаг. Гэтэл та яагаад монголд ирэхгүй байна вэ? гэсэн асуудлыг судлах нь бид нарт өөрсдийн алдаа дутагдлыг ойлгох, гадаад орчноо илүү сайн мэдрэх, ажлаа хэрхэн сайжруулах талаар илүү их мэдээллийг өгөх төдийгүй улмаар илүү их жуулчдыг татах, зөв ажиллах арга замуудыг зааж өгч чадна. Нэг жишээ дурдвал солонгос жуулчдын хувьд онгоцны тийзний өндөр үнийн талаар сөрөг сэтгэгдэлтэй байдаг. Үнэн хэрэгтээ монголруу явах тийзний үнээр өөр оронд аялаад ирж байна шүү дээ. Тэд аялалд төлөх үнэ, олж авах үнэ цэнээ бодоод өөр улсруу явчихаж байгаа нь бидний хувьд алдагдсан боломж юм. Манайхруу олон улсын жишиг үнээр хямд нислэг хийх сонирхолтой компаниуд Япон, Солонгост олон бий. Ядаж тийзний үнэ тулгахгүйгээр зуны 1 сар ч гэсэн эдгээр компаниудад боломжийг олговол үүнээс гарч болох эдийн засгийн үр ашиг нь манай улсад өндөр байх болно. Ер нь судалгаа нь зөвхөн багш, судлаачид л хийдэг ажил биш бөгөөд салбарт бизнес эрхлэгч хүмүүс байнга үзэж судлах, өөрсдийн ажил хэрэгт хэрэглэж байх шаардлагатай байдаг. Мэдлэг, мэдээлэл багатай хүмүүс алдаа их гаргах нь практикт түгээмэл үзэгдэл юм. Өөр нэг анхаарах чухал асуудал нь аялал жуулчлал нь дэлхийн улс орнуудад мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ болон хувирч байна. Салбарт шинжлэх ухаан, технологи, бизнесийн хөгжилтэй холбоотой олон тооны шинэчлэлт, өөрчлөлтүүд байнга хийгдэж байгаа төдийгүй өнөөгийн аялал жуулчлал нь маш олон тооны үйл ажиллагаа, нэгж хэсгүүдээс бүрдсэн өрсөлдөөн ихтэй систем болсон байна. Зөвхөн зар сурталчилгааны чиглэлд авч үзэхэд аялал жуулчлалын сурталчилгаа хийх арга барил, хэрэгсэл сүүлийн 10 жилд ихээхэн өөрчлөгдөж өндөр түвшинд очсон байна. Аялал жуулчлалын маркетингийн хувьд олон нийтийн сүлжээ, интернет маркетинг маш чухал үүргийг гүйцэтгэх болсон. Зөвхөн АНУ-д гэхэд уламжлалт аялал жуулчлалын агентын тоо буурсан дүнтэй байхад эсрэгээр хэрэглэгчдийн аяллын байгууллагатай шууд харилцах хандлага, тоо өссөн дүнтэй байна. Шинэ Зеланд улсын хувьд гэхэд маркетингийн нэгдсэн вэб хуудастай болж гадны жуулчдыг олон тоогоор татах болсон. Тус улсад болж байгаа аялал жуулчлалын бүхий л үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, компаниуд ба тэдгээрийн чанарын зэрэглэл, эвентүүдийн талаарх мэдээллийг төрөөс нь баталгаажуулаад нэг дор оруулсан байдаг нь жуулчдын аюулгүй байдлаа хангах, мэдээллийн төөрөгдлөөс гарах, аялах сонирхол, хэрэгцээг төрүүлэх, үйлчилгээний сонголт хийхэд чухал ач холбогдолтой ажил болсон байдаг. Өөрөөр хэлбэл салбарт гарч байгааа өөрчлөлт, шинэчлэлт, хандлагыг цаг алдалгүй мэдэрч түүнээс түрүүлдэггүй юмаа гэхэд хоцрохгүй байх, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, арга барилаа бид шинэчилж ажиллах шаардлагатай байна. Аялал жуулчлалыг богино хугацааны гэхээс илүү урт хугацаанд харсан зөв боловсруулагдсан стратеги төлөвлөгөөтэй болмоор байна. Мөрөөдлийн жагсаалт биш өөрсдийн нөөц боломжинд тулгуурласан дэлхийн аялал жуулчлалын зах зээлд ямар байр суурь эзлэх, өрсөлдөх ямар давуу талуудыг бий болгох, аяллын ямар төрлүүдийг хэрхэн яаж хөгжүүлэх, хэрэгжүүлэлтийг хэрхэн хангах талаар нарийн тодорхой тусгасан байх шаардлагатай.

-Танай сургуулийн зүгээс аялал жуулчлалын сургалтыг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж ажиллаж байна вэ? 

-Аялал жуулчлалын хөгжлийг хүний нөөцийн оролцоо, бодлогогүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Бүхий л ажил, бүтээн байгуулалтын ард хүмүүсийн санаачилга, хэрэгжүүлэлт л голлох нөлөөтэй байдаг нь нууц биш. Салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, манай өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах сайн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах шаардлагатай. Үүний тулд бид хөтөлбөрөө олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлэх, CDIO олон улсын дээд боловсролын стандартыг сургалтанд нэвтрүүлэх, мэргэжлийн зарим хичээлүүдийг англи хэл дээр бүрэн орох, оюутнууддаа судалгаа, шинжилгээний ур чадвар сайн эзэмшүүлэх, судалгааны ажлуудыг салбарын тулгамдсан чухал шаардлагатай асуудлуудаар хийлгүүлэх, байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, жил бүр манай сургуулиас зохион байгуулдаг ‘Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын хөгжил, төлөвшил’ сэдэвт хурлын цар хүрээ, үр дүнг сайжруулах тал дээр ажиллаж байна даа. Энэ ялдамд аялал жуулчлалын салбарт бакалавр болон магистрын түвшинд суралцах хүсэлтэй хүмүүс, хамтран ажиллах сонирхолтой байгууллагуудад манай манай үүд хаалга үргэлж нээлттэй болохыг хэлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж