“Цагаан хадыг хааснаар нүүрсний экспорт буурна”

Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

“Цагаан хадыг хааснаар нүүрсний экспорт буурна”

“Цагаан хадыг хааснаар нүүрсний экспорт буурна”

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасан. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дээр нүүрс тээвэрлэгч автомашинуудын урт дараалал үүссэн байна. Одоо байдал ямар байна вэ, бас орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 140 км-ийн урттай урт дараалал үүссэн байна. Нүүрс тээвэрлэж буй автомашинууд өдөрт 100 км-ээр л урагшилж байна. Ер нь бол өнгөрсөн зургадугаар сард өдөрт 1600 нүүрс тээвэрлэгч машин боомтоор нэвтэрдэг байсан бол өнөөдөр 400 орчим машин хилээр нэвтэрч байна. Энэ бол БНХАУ-ын талын боомтын шалгалтаас шалтгаалж байна. БНХАУ-ын талын боомтын шалгалт ийм удаашралтай байна гэхээр Монгол Улсын талаас хил, гаалиар нэвтэрч хориотой бараа бүтээгдэхүүн нэвтэрч байна гэдэг шалтгаанаар нэг машиныг 30-40 минутын хугацаанд нэг бүрчлэн шалгаж байна. Ийм учраас урт дараалал үүсээд байна.

-Хилээр хориотой бараа бүтээгдэхүүн оруулж байна гэхээр ихэвчлэн ямар төрлийн бүтээгдэхүүн байна вэ. Хориглосон бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа жолооч нарт ямар хариуцлага тооцож байна вэ?

-Хилээр хориотой бүтээгдэхүүнд малын мах, үнэт эдлэл, ангийн арьс, мах зэрэг бүтээгдэхүүн Монголын талаас хилээр оруулж байна гэсэн мэдээллийг өгсөн. Тийм учраас БНХАУ-ын талаас хяналт шалгалтыг чангатгасан гэж тайлбарласан. Гэхдээ өнөөдрийг хүртэл бидэнд ийм жолоочоос ийм төрлийн хориотой бүтээгдэхүүн гаргахыг завдсан гэсэн нэг ч мэдээлэл бидэнд гаргаж өгөөгүй. Бид орон нутгийн зүгээс ӨМӨЗО-ны боомтын даргатай уулзаж, хяналт шалгалтыг хурдасгах тал дээр анхаарч ажиллаач ээ гэсэн санал хүсэлтээ тавьсан.

-Засгийн газрын зүгээс Цагаан хадны гаалийн хяналтыг хаах болсон шалтгааныг та юу гэж бодож байна?

-Миний хувьд мэдээлэл бага байна. Цагаан хаданд олон хүмүүс цуглардаг, гэмт хэрэг зөрчил гарах, хилээр хууль бусаар бараа бүтээгдэхүүн гаргах гэдэг үүднээс хаасан. Мөн байгаль орчныг бохирдуулж байна гэсэн үүднээс хаасан болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ энэ асуудлыг цэгцлэх бүрэн боломжтой. Өмнө нь Засгийн газраас 30 хүний орон тоотой цагдаагийн хэлтэс байгуулах тогтоол гарсны дагуу цагдаагийн тасаг ажиллаж байна. Эмч, сувилагчдыг ажиллуулах төсөв нь батлагдсан. Багийн дарга нь томилогдсон гээд яг энэ асуудлуудыг шийдэхээр төлөвлөөд, ажлаа эхлүүлж байхад хааж байгаа нь ойлгомжгүй байна.

-Засгийн газрын хуралдаанаар Цагаан хадны гаалийн хяналтыг бүр мөсөн хаах шийдвэр гаргасан. Цагаан хадны гаалийн хяналтыг хааснаар ямар нөхцөл байдал үүсч байна вэ?

-Засгийн газрын гаргасан энэ шийдвэрт Өмнөговь аймгийн ард иргэд, нүүрс тээвэрлэдэг жолооч нар, Цагаан хадны гаалийн хяналтад худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийг бухимдуулж байна. Анх 1992 онд Ганц модны боомт нээгдсэн. Түүнээс хойш Цагаан хад гэх суурин бий болсон байдаг. Сүүлд 2000 оноос нүүрс экспортолдог болсноос хойш гаалийн талбай, нүүрс ачиж, буулгах талбайтай байсан. Суурин газар учраас түүнийг дагаж аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах, 6000 гаруй нүүрс тээвэрлэгч машины жолооч нар гээд 10 гаруй мянган иргэдийн ажил амьдралтай холбоотой хөгжиж ирсэн. Ер нь бол аливаа улс орон боомтоо дагаж суурин газар байгуулж, хөгжүүлдэг. Ганц модны боомтоор цаашаа гарахад БНХАУ-ын боомт гэхэд төрийн байгууллага, орон сууц, сургууль, цэцэрлэг гээд өдрөөс өдөрт хөгжин дэвжиж байна.

-Цагаан хадны орчим суурин газар бий болсон гэлээ. Орон нутгаас төсөв хөрөнгө гаргаж хөгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байсан юм бэ?

-Орон нутгийн зүгээс бид нэг тэрбум орчим төгрөгийг гаргаж Цагаан хад орчмыг тохижуулах, Ханбогд сумын Хайрхан багийг шинээр бий болгож, байр засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлэг, цагдаагийн байгууллага барих зэрэг арга хэмжээг 2017 оны эхнээс авч эхэлсэн. Сангийн сайдтай уулзаж Цагаан хад орчмыг тохижуулж, сайжруулахаар ирэх оны төсөвт тодорхой санхүүжилт суулгахаар ярилцаж байсан. Гэтэл Засгийн газар ийм шийдвэр гаргасанд Өмнөговийн ард иргэд, тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэд дургүйцлээ илэрхийлсэн байна. Орон нутгийн зүгээс Цагаан хадыг тохижуулах, түүнийг дагаж суурин газар бий болгож, ард иргэдээ ажилтай орлоготой болгох бодлогыг баримталж ажиллана.

-Засгийн газар хаах шийдвэрээ гаргачихсан. Гэхдээ Цагаан хадыг дахин нээх боломж байгаа юу?

-Цагаан хадыг нээх боломж бий гэж бодож байна. Хэрэв Цагаан хадны гаалийн хяналтыг нээхгүй бол нүүрсний экспорт эрс буурна. Одоогийн үүсээд байгаа урт дараалал улам нэмэгдэнэ. БНХАУ-ын талд Монгол жолооч нар олон хоног цаг алдах, түүнийг даган хэрэг зөрчил гарах гээд нөхцөл байдал бүр илүү хүндрэх байх.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж