Хуучирсан мэдээ: 2017.08.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Төв замаар зүүн эргэхийг хязгаарласан шийдвэр энэ сарын 15-наас буюу өнгөрсөн долоо хоногт хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм.

Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр өдрийн судалгааг Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат танилцуулав. Түүний хэлснээр, төв замын уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ. Зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр /хуучин дүрмээр/ нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол маргааш нь хэрэгжсэн шинэ дүрмээр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн гэнэ. 570 тээврийн хэрэгслээр илүү нэвтрүүлсэн гэсэн үг.

Тэд доорх судалгааг гаргажээ.

Уулзвар

1 цагт нэвтэрсэн тээврийн хэрэгсэл

8 дугаар сарын 14

8 дугаар сарын 15

Бөхийн өргөө

5900

6700

МУБИС

5300

6370

Төв шуудан

6900

7800

Улсын их дэлгүүр

3150

4200

Баруун 4 зам

5590

6900

Яах вэ, төв замын нэвтрэх чадвар илт сайжирсан байна. Гэхдээ… Бусад замын ачаалал буюу туслах замын ачаалал эсрэгээрээ нэмэгдсэн бололтой. Энэ талаар албан ёсны судалгааг танилцуулаагүй ч www.news.mn сайтын сурвалжлах баг ажил тарах цагаар Баруун дөрвөн замаас Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театр хүртэлх замд тээврийн хэрэгсэлтэй зорчиж өмнөх дүрмээр болон шинэ дүрмээр ямар ялгаа гарч байгаа талаар ажиглалт хийсэн юм. Ингэхэд өмнөхөөс 10 минутын дараа очих газартаа хүрч байлаа. Төв замаар шулуун явах тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдсэн ч зүүн тийш эргэхгүй учраас зүүн тийшээ эргэх жолооч нар урьдчилан өмнөх уулзвараар нь баруун гар тийш эргэн тойрч байв. Манай туслах замууд жирийн үед ч ачаалал ихтэй байдаг учраас түгжрэл улам нэмэгджээ. Нөгөөтэйгүүр Гэсэр сүмээс зүүн тийш чиглэсэн зам, хуучнаар Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн хойд зам дагуух хөдөлгөөн эрс нэмэгдсэн харагдана.

Товчхондоо Төв замын ачаалал буурсан ч бусад зам нь эрс нэмэгдсэн гэсэн үг. News.mn сайт энэ талаар өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн “Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл төв замаар зорчихдоо зүүн тийш эргэхийг хориглосон шийдвэр зөв үү?” гэсэн санал асуулгыг хэрэглэгч нартаа тавихад 748 хүн оролцсоноос “Сайн мэдэхгүй байна” гэж оролцогсдын 41 нь буюу 5,5 хувь нь хариулсан бол “Буруу. Ингэснээр урд ба хойд туслах замуудын ачаалал эрс нэмэгдэж илүү түгжрэл бий болно” гэж 530 нь буюу нийт оролцогсдын 70,9 хувь нь үзжээ. Харин 177 хүн буюу 23,7 хувь нь дэмжив.

Мэдээж түгжрэлийг бууруулахын тулд шийдвэр гаргаж, санаачилга өрнүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ шийдвэр үндсэн зорилгодоо нийцэж байна уу гэдгийг анхаарах учиртай. Ганцхан Төв замынхаа ачааллыг бууруулаад бусад замуудын ачааллыг эрс нэмэгдүүлвэл энэ шийдвэр зорилгодоо хүрэхгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр иймэрхүү тойргийн зохицуулалтыг гадны гүүрэн замуудтай улсуудад л голдуу хэрэгжүүлдэг. Тэр нь ч үр дүнтэй байдаг. Харин манайх шиг тийм замгүй, хоёрхон эгнээ туслах замтай хотод бол асуудал болно. Болоод ч эхэллээ. Өнгөрсөн долоо хоног бол ачаалал багатай үе. Арав хүрэхгүй хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж, бүгд ажил сургуульдаа яваад эхлэхээр замын ачаалал эрс нэмэгдэнэ. Харин тэр үед олны уур, бухимдлыг барахгүйн тулд зөвхөн нэг өнцгөөс харсан судалгааг танилцуулахаас илүү олон талаас нь, замуудад хэрхэн нөлөөлж буйг харж байж шийдвэрээ үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэсэн нь дээр болов уу? Өнөөдөр аль ч замын хянаж болох камертай болсон. Нийт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байвал нэг замыг түгжрэлгүй болгох нь буруу санагдана. Тиймээс үнэхээр түгжрэл буурсан уу гэж дахин асууя?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж