Засгийн газраас жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд Ерөнхий сайд зочлох гэнэ. Уг үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн дөрөв хоногийн турш үргэлжилнэ. Засгийн газар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газраас зохион байгуулж буй энэ жилийн үзэсгэлэнд арван салбарын 130 гаруй байгууллага, аж ахуйн нэгж энэ онд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ тавих юм байна. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс 2011-2012 онд төрөөс 500 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр 400 гаруй жижиг, дунд үйлдвэрийг зарим аймаг сумдад барихаар төлөвлөж буй ажээ. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийн зохицуулалт, үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэсгэлэнгийн үеэр өгөх юм байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд Засгийн газраас зохион байгуулж буй өөр нэг ажил бол өнөөдөр болох “Монгол хөрс, монгол хүнс” үндэсний зөвлөгөөн юм. Тус зөвлөгөөнд дотоодын үйлдвэрлэгч 200 гаруй аж ахуйн нэгж оролцох юм байна.
Ж.ГЭГЭЭ