“Хүрхрээ үндэсний лиг”-ийн 12-р тойргийн хүрээнд хүчтэй өрсөлдөгч “Улаанбаатар сити”-ыг 2:1-ээр хожиж, өөрсдийн өмнө том боломж үүсгэсэн “Атлетик 220” өчигдөр /08.19/ “Дэрэн”-тэй тоглолоо.
“Атлетик 220”-ын зорилго медальт байраа баталгаажуулах байсан бол “Дэрэн” унах бүсийн багуудаас холдох даалгавартай талбайд гарсан. Хоёр багийн эхний хагас гоолгүй тэнцээгээр өндөрлөхөд Эрдэнэт хотод 15:00 цагаас эхэлсэн “Хангарьд”, “Гоёо Эф Си” багуудын тоглолт 1:1-ээр дууссан мэдээ ирсэн юм.
Тийнхүү “Атлетик 220”-ын нэг өрсөлдөгч хоёр оноо алдсан бол “Улаанбаатар сити” маргааш “Эрчим”-тэй тоглоно гэх мэт эерэг нөхцөл бүрдээд байв. Гэсэн ч “Дэрэн” клуб болон Монгол улсын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн тоглогч М.Жансерик 68 дахь минутад гоолын салхийг хагаллаа. Үлдсэн хугацаанд “Атлетик 220” тэнцээ, цаашлаад хожил авах зорилготой урагш довтолж байсан ч 88 дахь минутад “Дэрэн”-ийн Армен довтлогч Давид Гандилиан тоог 2:0 болгосноор тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэв. Үндсэн цаг 2:0-ээр “Дэрэн”-ийн хожлоор өндөрлөснөөр “Атлетик 220”, “Эрчим”-ээс долоо онооны зөрүүтэй хэвээр үлдлээ.
Эх сурвалж: МХБХ