Хичээлийн шинэ жил эхлэхээс арваадхан хоногийн өмнө Монголын багш нар Засгийн газарт хандаж, цалингаа 1.6 сая төгрөг болгох шаардлага тавьжээ. Хэрэвзээ шаардлагыг нь хүлээж авахгүй тохиолдолд есдүгээр сарын 1-нд ажил хаяна гэж шантаажилж. Мэдээж, бүх багш нар биш л дээ. Цөөн хэд нь улстөрчдийн нохойд барьдаг мод болоод яваа хэрэг. Хэвлэлийн хуралд ирсэн нэгэн багш “Багш нарыг улстөржүүлэхээ боль” гэсэн лоозон барьсан байсан. Багш нарыг улстөржүүлдэг нь багш нар өөрөө л шүү дээ. Нөгөө “Баяраа өөрөө л ширээн дээрээс ойччихсон гэнэ лээ” гэдэг шиг.
Багш нар бага цалинтай нь үнэн. Гэхдээ багш нараас ч бага цалинтай, хүнд албатай хүмүүс Монголд олон. Тэд ядахнаа л дэвтэр зассаны мөнгө, илүү цагийн хөлс, ур чадварын болон анги даасан, олон жил ажилласны нэмэгдэл, 13 дугаар сарын цалин гэж авдаггүй. Дээр нь тэтгэвэртээ гарахдаа улсаас тэтгэмж авна. Энэ бүхнийг үндсэн цалин дээр нь нэмээд тооцвол багш нарын цалин тийм ч багатайдаа орохгүй гэсэн үг. Хэрэвзээ багш нарын цалингийн нэмэгдлийн тухай ярих юм бол дагаад ур чадварыг нь хөндөх ёстой. Хичээлээ олигтойхон ч зааж чадахгүй, зан харилцааны доголдолтой багш нар цөөнгүй шүү дээ. Өнгөрсөн хавар гэхэд ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн багш нартай холбоотой бөөн дуулиан дэгдсэн.
Цалинг нь нэмлээ гэхэд бүгдийг нь адилхан нэмэх биш ядахнаа хичээлээ сайн заасан, сурагчдаа сайн хүмүүжүүлсэн нь илүү авдаг болох ёстой.
УИХ-ын хаврын чуулганаар улсын төсөвт тодотгол хийж, орлогыг зургаан их наяд 35 тэрбумаар, зарлагыг найман их наяд 750 тэрбумаар тооцсон. Төсвийн нийт алдагдал нь хоёр их наяд 714 төгрөг гэсэн үг. Энэ мөнгийг хаанаас олох, цалин тэтгэврээ цагтаа тавих нь Засгийн газрын толгойг одоо ч зовоосоор байгаа. Ядаж байхад дээдчүүл нь суудлаа олохгүй, ажлаа хийхгүй болохоор гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй, эдийн засгийн хямрал тогтворжоогүй л байна. Засгийн газар нь тогтворгүй, эрх баригчид нь ичиж зовохгүй эрх мэдлээ булаацалдаж байхад Монголд хөрөнгө оруулъя гэх тэнэг байхгүй л дээ. Хөрөнгө оруулагчид бол хүлээлтийн байдалтай удаж байна. Эхлээд УИХ-ын сонгуулийн үр дүнг харсан. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийг, одоо Засгийн газар нь тогтвортой байх эсэхийг анхааралтай ажиглаж байгаа биз.
Хямрал багш нарт хамаагүй байж болно оо. Гэхдээ багш нарын цалинг өсгөх гээд эдийн засгаа сүйрүүлж болохгүй юм. Тэр тусмаа улстөрчдийн бие, биедээ барьдаг нохойд барьдаг мод нь багш эмч нар болчихвол юутай харамсалтай.
Хямралын үед хамаг үнэтэй цайтайгаа төрдөө тушаасан Өмнөд Солонгосын иргэд шиг байх нь хаашаа юм. “Эх оронч” гэж цээжээ дэлдэж байгаа томчуудаас эхлээд л “Хүний юм, үнэгүй юманд” дуртай хүмүүс шүү дээ, монголчууд бид. Багш нар зээлтэй л гэнэ. Зээлгүй хүн Монголд байгаа ч юм уу.
2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 768 сургуульд 28490 багш, 1288 цэцэрлэгт 24179 багш ажилчин ажилласан судалгаа бий. Энэ хичээлийн жилд дээрх тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдаагүй нь лав. Жилээс жилд цэцэрлэг, сургуулийн тоо нэмэгдэж байгаа гээд тооцвол.
Улсын төсвийн зарлагаар тооцсон найман их наядын дийлэнх нь төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагддаг. Гэтэл гаднаас мөнгө орж ирэхгүй байгаа нөхцөлд ямар мөнгөөрөө Засгийн газар нь цалин тавих вэ гэдэг гаргалгааг багш нар тооцсон уу. Мөрийцье, үүний ачаалал нь хувийн хэвшлийнхэн, татвар төлөгч дээр л бууна.
Эдийн засгийн байдал тогтворгүй энэ үед төгрөг үйлдвэрлээд цалин нэмбэл инфляци тэнгэрт хадна, хөлд нь хувийн хэвшилд ажилладаг мянга, мянган хүн чирэгдэнэ. Төр шиг мөнгө үйлдвэрлээд цалин нэмж чадахгүй хувийн компанийн эзэд нэг бол ажилтнаа халж цалингаа нэмэх, нөгөө бол нүдээ аниад өнгөрөх хоёр л сонголттой тулгарна.
Дээр нь ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд Монгол Улс Чингис бондын 500 сая ам.долларыг буцаан төлнө. Ийм эрсдлүүд дунд бидний цалинг л нэм, хямрал хамаагүй гэж хашгирч байгаа багш нар үнэндээ нуугаад яахав, “Би үхэхээс чи үх” гэдэг шиг л харагдаж байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ