Нүүрс тээвэрлэгчид жагсаалаа завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэгчид жагсаалаа завсарлуулав

Нүүрс тээвэрлэгчид жагсаалаа завсарлуулав

-Жагсаалыг дэмжиж 4800 орчим жолооч гарын үсэг зурсан байна-

Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл урт дараалал үүсч, нүүрс тээвэрлэдэг жолооч нар 13-17 хоногийн дараалалд дугаарлан хонож байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг жолооч нар жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа аж. Энэ талаар Монголын нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн А. Бүддоржоос тодрууллаа. 

-Нүүрс тээвэрлэдэг жолооч нар эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал хийж байгаа гэсэн. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Би жагсаалаа түр завсарлуулаад байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагуудаас жагсаал хийх албан ёсны зөвшөөрөл хүссэн. Хариу нь даваа гаригт гарах юм байна. Тиймээс бид жагсаалаа түр цуцалсан байна. Энд нүүрс тээвэрлэж буй 6300 гаруй жолооч бий. Эдгээр жолооч нарын 4800 орчим нь энэ эсэргүүцлийг дэмжиж гарын үсэг зураад байна. Эсэргүүцлийн жагсаалд өөрсдийн биеэр оролцох 500 орчим жолооч байна.

-Та бүхэн яг ямар шаардлага тавьж байгаа юм бэ?

-Бид маш энгийн шаардлага тавьж буй. Тавантолгойгоос нүүрс тээвэрлээд Ганц модны боомт хүрэх бус Цагаан хадны гаалийн хяналт дээр нүүрсээ хүргэнэ. Түүнээс цааш 28 км-т БНХАУ-ын талаас өөрсдөө тээвэрлэлтээ хийх шаардлага тавьж байна. Өмнө нь ч гэсэн Тавантолгойгоос Цагаан хад хүртэл тээвэрлэдэг байсан. Энэ урт дарааллын хажуугаар хулгайн тээвэрлэлт эрс нэмэгдэж эхэлсэн. Жолооч нар энд 13-17 хонож байхад хулгайн тээврийнхэн өдөртөө л хил гарч байх жишээтэй. Тэгэхээр энэ асуудлыг эртхэн шийдвэрлэж нэг талд нь гаргахгүй бол хулгай тээвэрлэлт маш их эрсдэл дагуулна.

-Жолооч нарыг хориотой бүтээгдэхүүн тээвэрлэдэг гэж БНХАУ-ын талаас үзэж, шалгалтыг чангатгаснаас болж ачаалал үүссэн гэж байсан?

-Энэ бол БНХАУ-ын талаас зохиомлоор гаргаж байгаа цуу яриа. Уртын болон богинын тээвэрлэлт хийдэг жолооч нар бүгд баталгаатай, лацтай тээврийн хэрэгслээр нүүрсээ тээвэрлэдэг. Хилээр нэвтрэхэд ч хяналт шалгалт хийгээд гаргадаг.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж