Наймдугаар сарын 21-нээс 23-ны хооронд “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хилийн чанад дахь оюутан залуусын анхдугаар чуулга” уулзалт зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтыг хилийн чанад дахь монгол иргэд эх орондоо суурьших нөхцөл боломж сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд гадаад дахь монгол залуусын мэдээллийн нэгдсэн баазыг үүсгэх зорилт тавьсан байна.
Тус чуулга уулзалтад дэлхийн 24 улсад үйл ажиллагаа явуулдаг Оюутны холбоо болон залуучуудын холбоодын төлөөлөгч, тэргүүлэгч нар оролцох юм байна. Чуулга уулзалтын хүрээнд энэ сарын 21-нд Гадаад харилцааны яаманд ТББ-уудын төлөөлөл, удирдах зөвлөлийн гишүүд “Мэдээллийн нэгдсэн санг үүсгэх” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавих аж.
Энэхүү чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Төрийн ордонд Засгийн газрын сайд нар, ТББ-ын албан төлөөлөгч, нээлттэй бүртгэлээр баталгаажсан Монгол Улсад болон хилийн чанадад сурч байгаа залуус “Монгол залуус эх орондоо бизнес эрхлэх нөхцөл боломж буюу олон улсын бизнесийн гарааг Монгол Улсад эхлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд чуулах юм байна. Мөн Энэ сарын 23-нд Хилийн чанадад төгссөн иргэдэд нээлттэй ажлын байр зарлаж, 24 орны 32 ТББ-ынхан хилийн чанадад суралцах хүсэлтэй залууст үнэ төлбөргүй мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх ажээ.
Д.Цээнэ
Холбоотой мэдээ