Дэлхийн эдийн засгийг хэн удирдах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгийг хэн удирдах вэ?

Дэлхийн эдийн засгийг хэн удирдах вэ?

АНУ Хятад улстай эдийн засгийн дайн хийж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын стратегийн зөвлөх Стив Бэннон мэдэгдэв. Үүний хүрээнд, Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт мөрдлөгийн ажиллагаа явуулах тогтоол өгсөн юм. Тус тогтоол ёсоор, америкийн технологи болон оюуны өмчийн мэдээлэл хятадад алдагдсан эсэхийг шалгах учиртай. Учир нь, Трамп БНХАУ америкийн зарим компаниудад бизнес эрхлэх боломжийг нь олгож, хариуд нь, Бээжингийн сонирхож буй технологийн шинж чанартай мэдээлэлтэй болсон гэсэн таамгийг баталгаажуулахыг шаардаж байгаа юм.

Мөрдлөгийн үр дүнд, Вашингтон Дэлхийн худалдааны байгууллагад хандаж, улмаар Хятадыг шийтгэхээр төлөвлөж байна. Гэхдээ тэд Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрийг хүлээлгүй дангаараа БНХАУ-ын импортын барааны татварыг нэмэх боломжтой. Энэ эрх мэдлийг 1974 оны худалдааны тухай хуулийн 301 дэх заалт тэдэнд олгож байгаа ажээ. Харин Трамп энэ хуулийн дээрх заалтыг ашиглах хүсэлтэй байгаа гэдгээ нуугаагүй.

БНХАУ-ын Худалдааны яам гараа хумхиад суухгүй гэдгээ мэдэгдсэн. Тэд хоёр улсын худалдааны салбарын дүрмийг чангатгаж, АНУ-д хариу цохилт өгнө гэв. Мөн тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин энэ дайнд хоёр тал хоёулаа ялагдал хүлээнэ гэдгийг анхааруулсан билээ.

Цагаан ордон америкийн бизнесийг “онилж” байна 

АНУ болон БНХАУ-ын худалдааны алдагдал 2016 онд 347 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн Трамп АНУ-д импортоор орж ирж байгаа хятадын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаад дургүйцлээ хэд хэдэн удаа илэрхийлсэн юм.

Хятадын импортыг хязгаарлах нь БНХАУ-д хохиролтой гэхээсээ илүүтэй АНУ хохирно гэж судлаачид харж байна. Учир нь өнөөдөр Хятадын эдийн засаг дэлхийн интеграчлалд маш нягт нэвтэрсэн. Тэр тусмаа, АНУ-тай маш нягт интеграчлагдсан ажээ. Иймээс тэдний эдийн засгийн дайн америкийн бизнес эрхлэгчдийг хохироох эрсдэлтэй гэв.

АНУ-ын бизнес эрхлэгчид маш эртнээс Зүүн-Өмнөд Азийн улс орнууд, ялангуяа БНХАУ-д өөрсдийн бизнесээ бий болгосон. Үүний нэг тод жишээ бол Apple компани юм. Тэд БНХАУ-д өөрсдийн үйлдвэрлэлээ бий болгосон бөгөөд цаашид БНХАУ-аас АНУ-руу бараагаа нийлүүлдэг болохоор төлөвлөж байна. Мөн Хятадын хямд бараа борлуулдаг жижиглэнгийн сүлжээ дэлгүүр, цахилгаан бараа, тавилга, хувцасны бизнес эрхлэгчид дайнд хохирно.

Харин энэ дайн БНХАУ-ын эдийн засагт хүнд хор хөнөөл учруулахгүй. Учир нь, АНУ-д Хятадын гангийн худалдаа байдаггүй мөн экспортын бараа бүтээгдэхүүний ердөө гурван хувь нь АНУ-д нийлүүлэгддэг ажээ.

Үүнээс гадна, хэрвээ БНХАУ-ын хариу арга хэмжээ авбал Америкийн бизнес эрхлэгчид мөн адил хохирох магадлалтай. Тэд Хятад улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нисэх онгоц, тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй болно. Хятад улс бараагаа нийлүүлэх өөр улс олоход маш хялбар, харин АНУ-д барааг нь худалдан авах хэрэглэгч олоход хэцүү.

Эдийн засгийн дайны үр дүнд, америкийн бизнес хятад дах зах зээлээ алдах эрсдэлтэй. Үүнээс гадна, БНХАУ-ын хүн ам АНУ-ын хүн амыг бодвол гурав дахин их. Мөн Хятадын хэрэглэгчийн зах зээл зогсолтгүй өсөж, тэдний худалдан авах чадвар үргэлж нэмэгдэж байна. Иймээс АНУ Хятадтай эдийн засгийн дайнд орвол хэн ч ялахгүй. Харин дайтаж буй хоёр тал хоёулаа ялагдал хүлээнэ гэж шинжээчид дүгнэжээ.

Мөн Хятад улс их наяд ам.доллараар үнэлэгдэх хэмжээтэй америкийн бондыг худалдан авсан. Хэрвээ эдийн засгийн дайн дэгдвэл. БНХАУ америкийн бондыг их хэмжээгээр борлуулж эхэлнэ. Энэ нь АНУ-ын санхүүгийн системийг богино хугацаанд бүхэлд нь донсолгох эрсдэлтэй ажээ.

Үүнд Хойд Солонгос буруутай юу?

Хятад улс Хойд Солонгосын асуудлыг шийдэх тал дээр идэвхгүй хандаж байгаа учир Цагаан ордон түүнд эдийн засгийн дарамт учруулж байгаа юм. Хэрвээ БНХАУ Пхеньяныг цөмийн пуужингийн хөтөлбөрөөс нь татгалзуулж чадах юм бол Трамп өөрийн байр сууриа зөөллөнө гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурах үед Бээжин Хойд Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр болон далайн бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүний импортыг хориглосон. Энэ НҮБ-ын шийдвэртэй зохицож буй. НҮБ-ын зорилго бол Хойд Солонгосын экспортын орлогыг жилдээ тэрбум ам.доллараар багасгахад оршиж байгаа юм.

Гэхдээ Хойд Солонгосын асуудал зүгээр л нэг шалтаг гэж судлаачид үзэж байна. Учир нь Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хятад улсын байнга хүчтэй шүүмжилж ирсэн. Тэр Хятадыг “валютын манипулятор” хэмээн нэрлэсэн билээ.

Хожим нь хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярьж, харилцан айлчлал хийж, улмаар асуудал намжсан.

Харин одоо Хятадыг онилсон дайралт сэргэсэн нь АНУ дахь дотоод улс төрийн нөхцөл байдалтай холбоотой гэж шинжээчид үзэв. Нэг талаас, улсын ээлжит төсвийг батлах цаг ойртож байгаа, нөгөө талаас буурч буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүлээлт үүсээд байгаа билээ.

Өргөн утгаараа, дэлхийн эдийн засгийг хэн нь удирдах вэ гэдэг тэмцэл явагдаж байна гэв. Үүнийг Трампын стратегийн зөвлөх Стив Бэннон баталгаажуулсан билээ.

Тэрбээр “American Prospect”-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Бид эдийн засгийн дайн хийж байна. Бидний хэн нэг нь ойрын 25-30 жилд дэлхийн эдийн засгийг удирдах болно. Хэрэв бид энэ дайнд ялагдвал АНУ-ын эдийн засаг тав, 10 жилийн дараа ч сэргэж чадахгүй” гэсэн ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж