News агентлаг ажлын таван өдрийн онцлох үйл явдлыг танилцуулж байна.
МАН-ын талцуулсан 60 тэрбумын бичлэг эвлүүлэг үү, бодит уу
Наадмын дараа намар гэдэг. Зуны амралтууд өндөрлөж, намрын ажил өрнөх энэ өдрүүдэд улс төрийн хүрээнд “халуун” өдрүүд үргэлжилсээр. Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал улс төрийн хүрээнд өрнөв. УИХ-ын сонгуулийн 2016 оны сонгуулийн өмнөөс МАН-ын удирдлагууд төрийн албыг үнэлж, 60 тэрбум төгрөг босгох талаар ярилцсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, өнгөрсөн жил гаруй хугацаанд энэ сэдэв улс төрийн үйл явцыг өөрчилж бас шуугиулж буй. Энэ бичлэгийг иргэн Г.Доржзодов тарааж, МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй болон түүний зөвлөх А.Ганбаатар нар холбогдсон. Гэвч энэ хэрэг жил гаруй хугацаанд эвлүүлэг, эвлүүлэг биш гэсээр өнөөдрийг хүртэл МАН-ыг хоёр талцуулсаар. Өнгөрсөн долоо хоногт энэ бичлэгт “гол” үүрэг гүйцэтгэсэн гэгдээд буй А.Ганбаатар анх удаа мэдэгдэл хийв. Тэрээр, “60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг бол эвлүүлэг, мөн энэ бичлэгийг хийхэд оролцсон жинхэнэ хүмүүс нь Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар байсан гэв. Харин 60 тэрбумын схемийг иргэн Г.Доржзодов өөрөө зохиож, МАН-ын удирдлагууд танилцуулсан гэх. Үүний дагуу АТГ-аас МАН-ын генсек Д.Амарбаясгаланг дуудаж, байцаалт авсан юм. Харин тэрээр “Би тухайн уулзалтад байгаагүй, 60 тэрбумын яриаг Ц.Сандуй эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн” гэсэн мэдэгдлийг хийв. МАН-ын хоёр талцуулсан энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтооно. Энэ бичлэг эвлүүлэг үү, бодит уу гэдгийг нэг талд нь гаргах хүртэл МАН доторх тэмцлийн уур амьсгал дээд цэгтээ хүрэх нь гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн ам дамжин ярьж сууна.
Улсын төсвийн алдагдал буурчээ
Улсын төсвийн орлого 2017 оны эхний долоон сард 3.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 4.5 их наяд төгрөг болж, улсын төсөв 589.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг өнөөдөр /2017.08.15/ танилцуулсан юм. Улсын төсвийн алдагдал нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр буурчээ. Энэ нь орлого 859.3 тэрбум төгрөг буюу 28.3 хувиар өсч, зарлага 525.4 тэрбум төгрөг буюу 10.5 хувиар буурсан нь нөлөөлснийг ҮСХ-ноос мэдээлэв.
Таван хүүхэд зэрэг алга болсон ч эсэн мэнд олдов
Өсвөр насны хоёр охин амиа хорлохыг завдаж байшингийн дээврээс унасан харамсалтай явдал гарсан. Насанд хүрээгүй хамаатны хоёр охин хамтдаа үсэрч, эмнэлгийн тусламж авсан ч нэг нь нас барсан. Нэг нь одоогоор Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Мөн 12-15 насны таван хүүхэд нэг өдөр алга болсон хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан. Хүүхдүүдийг гурван өдөр эрэн сурвалжилж, ууланд хайсан боловч өчигдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Шилхэнцэг хайрханы агуйгаас эсэн мэнд олжээ. Хүүхдүүд ар гэрийнхэндээ хэлэлгүй жимсэнд явахаар гарсан байжээ.
Цахим үнэмлэхээ нотариатаар баталгаажуулахгүй
Иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа эх хувиар нь авчирсан тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэний цахим үнэмлэхтэй холбоотой уг хүндрэл, зүй бус шаардлагыг арилгах захирамж гаргажээ. Энэхүү захирамж ирэх даваа гариг буюу наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.
Уг захирамжид Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгосон байна.
Монголын бөхчүүд дэлхийн чансааны эхний 20-д багтжээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 10 хүрэхгүй хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргажээ. Өнгөрсөн сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан үзэж уг чансааг гаргасан байна. Монгол Улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав бөх багтсан.
Эмэгтэйчүүдийн 63кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдсэн Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигджээ. Харин эрэгтэйчүүдийн 57кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр ес, ОУХМ З.Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 16, 86кг-д П.Өнөрбат 18, 125кг-д ОУХМ Н.Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 14, ОУХМ Э.Даваачимэг 17, 60кг-д ОУХМ Б.Шоовдор 12 дугаар байрт тус тус жагслаа.
Ш.ЧИМЭГ