С.Ёндонжамц: “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн заримыг засах нь зүйтэй

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

С.Ёндонжамц: “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн заримыг засах нь зүйтэй

С.Ёндонжамц: “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн заримыг засах нь зүйтэй

Булган аймгийн Булган суманд өнөөдөр (2017.08.18) УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг боллоо. Хэлэлцүүлэгт төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд болон Булган, Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал, Бүрэгхангай сум, Хялгант тосгоны 268 иргэн оролцов.

Хэлэлцүүлгийн нээж Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэр гарч, холбогдох ажлын хэсгүүдийг Засгийн газар, УИХ-аас байгуулсан. УИХ-ын Тамгын газраас томилсон баг Булган аймагт төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус баг эхний шат буюу бүсчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт 1992 оны Үндсэн хуулийг өлгийдөж авсан гурван депутат П.Дамба, С.Лхагвасүрэн, С.Ёндонжамц нар оролцож байгааг дуулгахад таатай байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцох нь иргэн бүрийн түүхэн үүрэг тул Та бүгд төслийн талаар сайтар ойлголттой болсны дараа саналын хуудсаар дамжуулан өөрийн саналаа хүргүүлээрэй” гэлээ.

Булган суманд болсон олон нийтийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оролцов. Тэрбээр “Төслийн хэлэлцүүлэгт оролцож буй нь Та бидний хувьд нэг талаасаа завшаантай ч нөгөөтэйгүүр өндөр хариуцлага юм. Монгол хүн бүр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхийг Үндсэн хуульдаа бататган тусгасан байдаг. Гэхдээ нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөс үүдэн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Иймд Та бидэнд үгээ хэлж, төсөлд саналаа тусгуулах бодит бололцоо бүрдээд байгаа тул эрхээ эдлэн хэлэлцүүлэгт оролцоорой. Та бүгдийн төлөөлөл болж хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаагийн хувиар би булганчуудын гаргасан санал бүрийг холбогдох шатанд хүргэхээр ажиллах болно” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх заалттай. 2016 оны арванхоёрдугаар сараас олон үе шаттай хэлэлцүүлгийг олон нийтийн дунд ээлж дараатай өрнүүлж ирсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөллөөс бүрдсэн Зөвлөлдөх зөвлөлийг УИХ-аас байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг орон даяар хоёр үе шаттай явуулж, тэдний өгсөн санал асуулгын дүнд Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн төслийн талаархи хэлэлцүүлгийг УИХ-ын тогтоолын дагуу орон даяар зохион байгуулж байгаа юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, шийдвэр гаргах механизмыг сайжруулах, шүүх эрх мэдлийн тогтолцоог оновчтой шийдэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэгт голлон чиглэж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи танилцуулга эхэлж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурал”, “Монгол Улсын Засгийн газар”, “Шүүх эрх мэдэл” сэдвээр, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур “Монгол Улсын Ерөнхийлөгч”, “Төрийн алба”, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” сэдвээр танилцуулга хийсэн юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын талаар дараах нэмэлт, өөрчлөлт орохоор тусгасан. Орон нутгийн амьдралын үндсэн асуудлыг шийдвэрлэж удирдах эрх хэмжээ төв Засгийн газар, яамдад төвлөрсөн байсныг 1992 оны Үндсэн хуулиар задалжээ. Орон нутгийн амьдралын үндсэн асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээг нутгийн удирдлагын байгууллагад шилжүүлсэн байна. Үндсэн хуулийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөн байгуулах үеэр өмнөх тогтолцооны үед хороо, хот гэж нэрлэгдэж байсан суурин газрууд зарим нь аймаг, сум, зарим нь суман дахь баг болон зохион байгуулагдсан нь оновчтой бус байсан. Хот, тосгоны захирагчдын болон засаг захиргааны нэгжийн удирдлагын эрх, үүрэг хутгалдсан. Үүний зэрэгцээ хуучин улсын зэрэглэлтэй хот, аймгийн төвийн хот, орон нутгийн хотын удирдлага, иргэдийн зүгээс хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох санал тавьдаг байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутаг дэвсгэртэй, хилийн цэстэй, харин хот эдэлбэр газартай байдгаараа ялгагдах онцлогтой гэж үздэг байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь хурал, Засаг дарга, харин хотын удирдлага нь захирагч байдгаараа ялгаатай байдаг аж. Нийгмийн амьдралд хотын гүйцэтгэх үүргийг “Хот нь хүний материаллаг болон оюуны хэрэгцээг хангах, материаллаг баялгийг үйлдвэрлэх, улс төр, эдийн засаг, оюун санааны төв” хэмээн тодорхойлсон байдаг байна. Нийслэлээс гадна зарим нутаг дэвсгэрийн нэгжийн хотыг хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг харгалзан Үндсэн хуульд “хот”-ын ангиллыг нэмж тусгах шаардлага бий хэмээн төсөлд тусгажээ.

Бусад орны жишээг үзвэл 10 орчим улс Үндсэн хуулиараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний дотор  хотын асуудлыг огт зохицуулаагүй байдаг бол 50 гаруй улс Үндсэн хуулиараа зөвхөн нийслэлийн асуудлыг зохицуулсан байна. Харин 30 орчим улс Үндсэн хуулиараа хотын асуудлыг зохицуулсан байдаг аж. Дээрх төслийн ач холбогдол нь Дархан-Уул, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгож, засаг захиргааны тусгай нэгжийн статустай болох юм байна. Мөн аймгийн төвийн сумд болон олон мянган хүн төвлөрөн суух томоохон сум, аймаг (Мандал, Хархорин, Хатгал, Тосонцэнгэл, Замын-Үүд, Бор-Өндөр, Чойр г.м.)-ийн төв орон нутгийн харьяалалтай хот болох ажээ.

Засаг захиргааны анхан шатны нэгж буюу баг, хорооны Засаг даргыг нутгийн өөрөө удирдах байгууллагаас нэр дэвшүүлэхдээ улс төрийн намаар болон ах, дүү, төрөл садангаар талцах явдал түгээмэл болсон тул дээд шатны Засаг даргаас шууд томилох, хариуцлагыг өндөржүүлэх шаардлага гарч байна.

Энэ өөрчлөлтийн үр дүнд засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлага бэхжиж, хариуцлагыг бодитой тооцох боломж бүрдэх аж. Баг, хорооны иргэдийн нийтийн Хурал нь Засаг даргад нэр дэвшүүлэхээс бусад асуудлыг шууд ардчиллын зарчмаар шийдвэрлэх боломж нь хадгалагдана. Мөн засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд улс төрждөг байдал хязгаарлагдана. Баг, хорооны Засаг даргыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын журмаар томилох боломж нээгдэх ач холбогдолтой хэмээн үзсэн байна. 

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр дээрх зургаан багц сэдвийн танилцуулгатай холбогдуулан асууж тодруулахын зэрэгцээ саналаа илэрхийллээ. Тэдний асуултад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур нар хариулт өгсөн.

Үндсэн хуульд дээр дурдсан зургаан багц сэдвийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсон гэж итгэж үнэмшилтэй байгаа, удаа дараагийн хэлэлцүүлэг, санал асуулгын дүнд олон нийт ийм байр суурийг илэрхийлсэн байхад энэ төслийн хэрэгжилтийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас, харин Ерөнхийлөгчийн талаарх зүйл, заалтууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгжүүлэхээр хүлээх шаардлагагүй гэдэг саналыг АИХ-ын депутат асан, Булган сумын 2 дугаар багийн иргэн П.Дамба илэрхийллээ. Мөн тэрбээр 1992 онд Үндсэн хуулийг батлахаар хэлэлцэж байх үеэр Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхгүй байхаар тусган АИХ хэлэлцүүлэг явуулж байхад Ерөнхийлөгч П.Очирбатын санал гарган Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй байх заалтыг оруулж байсан талаар эргэн дурсав. Харин Булган сумын иргэн Оюунбат төслийг энэ хэвээр баталсан тохиолдолд Монгол Улс сонгодог парламентын засаглалтай болох эсэхийг тодруулав. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хяналт тэнцэлийг алдагдуулсан гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Мөн 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон нийтийн санаа бодлыг тусгаагүй, санал асуулга явуулаагүй гэдгийг иргэд, мэргэжилтнүүд онцлон шүүмжилдэг. Энэ удаа олон нийтээр хэлэлцүүлж буй төсөлд засаглал, эрх мэдлийн хяналт тэнцэлийг хангах 1992 онд баталж байсан үеийнх нь үзэл баримтлалд нийцүүлэх зорилготой болохыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж тайлбарлалаа.

Харин АИХ-ын депутат С.Ёндонжамц “1992 онд баталсан Үндсэн хууль нь монголын ард түмний оюуны үнэт өв гэдгийг онцолмоор байна. Барилгачин хүн өөрийнх нь барьсан байшинг нураах гэвэл зохих хэмжээгээр тэмцэх нь лавтай. АИХ-ын депутатууд бид ч Үндсэн хуулиа хэрэгжүүлэх, хамгаалахад өнөө хэр нь бие сэтгэлээ чилээж байдаг. Тухайн үеийн эрдэмтэн судлаачид бүгд гар бие оролцон, ард нийтийн санал асуулга явуулж, бүх иргэдийн оролцоог хангасны дүнд 200 мянга гаруй иргэн 1992 оны Үндсэн хуулийн төсөлд санал ирүүлж байсан. Төслийн танилцуулгыг сонслоо, зайлшгүй өөрчлөлт оруулах, нэмэх, хасах нь шаардлагатай зүйлүүд ч байна гэж үзэж байна” гэлээ. Мөн тэрбээр 2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах заалт тусгасныг туйлын буруу хэмээн үзэж ирсэн бөгөөд өнөөдрийн хэлэлцэж буй төсөлд ‘Дордуулсан долоон өөрчлөлт’-ийн заримыг засах нь зүйтэй гэв. Тэр дундаа УИХ-ын гишүүний давхар эрхлэх ажил, албан тушаалтай холбоотой өөрчлөлт орж буйг дэмжиж байгаагаа хэлэв. Түүнчлэн Үндсэн хуульд Засгийн газарт байх ёстой яамдын нэрийг тодорхой тусгах шаардлагатай гэдэг саналыг гаргаж байлаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид эцэст нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, 161 иргэн саналаа бичгээр өгсөн юм.

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал  оролцоог хангах тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэг наймдугаар сарын 21-нд Хутаг-Өндөр суманд үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж