Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

Х.Баттулга: ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялж албан тушаалдаа орсноос нэг сарын дараа ОХУ-ын мэдээллийн ТАСС агентлагийн сурвалжлагч Алексей Селищевт ярилцлага өгсөн билээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын гадаадын хэвлэлд өгсөн анхны ярилцлага юм. Төрийн тэргүүн Монгол орны хөгжлийн төлөвлөгөө, ОХУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх төлвийн талаар ярьсан байна.

-Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртон нягтрах талаар томоохон алхмууд хийж, ялангуяа Азид идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна. Үүнийг та хэрхэн үнэлж, энэ чиглэлд өөр юу юу хийх ёстой гэж харж байна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөд дөнгөж сар гаруйхан хугацаа өнгөрч байна. Улс орныхоо гадаад бодлогын талаар надад бодож төлөвлөсөн олон санаа, төлөвлөгөө байгаа. Газар нутгийн хувьд Монгол Улс Азид байрладаг учраас Азийн бүх улс оронтой дипломат харилцаатай. Нэг онцлог нь манай улс хоёр том гүрэн Орос, Хятадын дунд оршдог.

БНХАУ-тай бид иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Япон, Энэтхэгтэй стратегийн түншлэлийн харилцаатай. БНСУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. Газар зүйн байрлалынхаа онцлогийг ашиглаж гадаад харилцаагаа өргөжүүлнэ гэсэн бодолтой байгаа юм.

Манай улсын нэг онцлог бол Европын улсуудтай Оросоор хиллэдэг, Азийн орнуудтай бол Хятадаар хиллэдэг. Нэн тэргүүнд хоёр хөршдөө айлчилна. Эдийн засгийн харилцааг сайжруулах тал дээр бодит алхмууд хийнэ гэсэн бодолтой байгаа. Жишээ нь, гааль, худалдааны тариф дээр нэлээд өөрчлөлт хийх зорилготой байгаа. Манайх бол газрын баялаг ихтэй орон.

Боломжийн хэрээр нэмүү өртөг шингээж технологийн хувьд шинэчлэх, дэлхий сонирхдог хоёр зах зээл рүүгээ экспорт хийнэ гэсэн бодолтой байгаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 35 хоног өнгөрч байна. Тодорхой хугацааны дараа тодорхой зорилтууд ярина. Бодож, төлөвлөсөн зүйл зөндөө байна.

-Хүн бүр л улс орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зовж явдаг. Та Монгол Улсын шинэ 10 жилийн талаар юу төсөөлж байна вэ?

-Аль ч орны Төрийн тэргүүн улс орноо удаан хугацаанд хөгжүүлэх зорилготой байдаг. Энэ удаагийн манай Ерөнхийлөгчийн сонгууль онцлогтой болсон. Өнөөдөр Монголд нүүрлээд байгаа эмх замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдлийг арилгаж өгөөч гэсэн хүсэл эрмэлзлээр намайг сонгосон. Надад Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хоёр том яаманд ажиллаж байсан ажлын туршлага бий. Төлөвлөсөн зүйлүүд байгаа учраас ойрын дөрвөн жилд эдийн засгийн том алхам, хөтөлбөрүүдийн эхлэлийг тавина. Улс орны хөгжлийн гол үндэс болсон эдийн засгийн хүрээнд хийхээр төлөвлөсөн тодорхой зүйл байгаа. Бүрэн эрх өндөрлөх үед үр дүнг ярьж болно.

– Таны бодлоор Монгол орны хувьд эртний ёс уламжлалыг өөрчлөлттэй хэрхэн хослуулах вэ. Энэ тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд таны хувийн чиг хандлага ямар вэ?

– Аль ч улс орон хөгжлийн бодлогоо ард түмнийхээ олон зууны уламжлал, зан заншилд тулгуурлан хэрэгжүүлдэг. Монголчууд бол нүүдэлчин ард түмэн, миний биеэр ч нүүдэлчний цус гүйж л байгаа. Монголын онцлог бол бид нүүдэлчдийн уламжлал дээр тулгуурласан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Монголчууд бие даан амьдарч, хөгжиж чаддаг, энэ бол манай онцлог юм. Манайд өнөөдөр олон ажлын байрыг гадаадын ажиллах хүч эзэлж, тэд манай орны хөгжилд оролцож байна. Үүнийг бид өөрчилнө.

Өнөөгийнхөөс ялгаатай нь цаашдаа бид байгалийн баялгийнхаа үр шимийг ард түмэнд тэгш хүртээх болно. Сүүлийн 20 жилд байгалийн баялгийн лицензийг хэдхэн хүн авч, ашгийг нь хүртэж байна. Ийм байдлаар улс төр бизнесийн бүлэглэлүүдийн хувийн ашиг орлого нь өссөөр байна. Үр дүнд нь нэг талаас, Монголд ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, нөгөө талаас, улс төрийн бүлэглэлүүд хөрөнгөжиж нөөц баялаг нь өссөөр байна. Энэ бол миний хамгийн гол сэдвийн нэг юм.

Миний хувьд өөр нэг чухал чиглэл бол дэд бүтэц. Энэ салбарыг манай ард түмэн өөрөө бүтээх ёстой. Энэ салбар Орос, Хятад гэсэн хоёр хөрштэйгөө дэд бүтцийн салбарт харилцах гол чиглэл байх ёстой. Далайд гарцгүй манай орны хувьд хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь чухал юм.

-Орос, Монгол ойрын сайн хөршүүд. ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх тухайд та хэр ач холбогдол өгч байгаа вэ?

-Манай хоёр орон олон зууны түүхтэй найрамдалт орнууд, хөршүүд явж ирсэн. Бид түүхийн баялаг зам туулж, бие биеэ дэмжсээр ирсэн. Сүүлийн жишээ гэхэд л Халхын голын тулалдааныг бид мартах ёсгүй. Үүнийг бид байнга дурсч байх ёстой гэж би боддог.

Монгол Улс ОХУ-ын хил орчмын Холбооны субъектуудтай харилцаж, хамтран ажиллах нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт гаргах ёстой. Энэ нь чөлөөт худалдааны бүс байгуулах, Байгаль нууртай холбоотой асуудал, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төсөл зэрэгтэй холбоотой. Манай бүс нутгийн хооронд харилцан ойлголцох явдал дутмаг байгаа нь санал зөрөлдөх явдалд ч хүргэж мэдэх юм.

Бидний харилцаа, ялангуяа зэвсэг техникийн 95 хувь нь орост үйлдвэрлэгдсэн батлан хамгаалах салбарт эрчимтэй хөгжинө гэдэгт найдаж байна.

-Таныхаар бол Орос-Монголын хамтын ажиллагаа аль салбарт илүүтэй чухал гэж бодож байна?

-Өмнө хэлсэнчлэн хамтын ажиллагааны гол салбар бол нэгд, батлан хамгаалах салбар. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад илгээлт явуулсан. Монголчууд Сергей Шойгуг тува гаралтай гэж мэддэг, түүнд маш сайн ханддаг.

Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбар. ЗХУ-ын үед манай улс зөвлөлтөд үйлдвэрлэсэн ХАА-н техник маш өргөн хэрэглэдэг байлаа. Өнөөдөр ийм техник цөөрсөн учраас хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага бий. Манай хоёр орон байгаль цаг уурын төстэй нөхцөлд оршдог. Бид бас монгол малын махыг Эрхүү мужид экспортлох талаар ярьж байгаа, харамсалтай нь энэ асуудал ахицтай биш байна.

Хамтын ажиллагааны бас нэг салбар бол дэд бүтэц, тээврийн салбарын хөгжил юм. УБТЗ бол Орос-Монголын хамтарсан хөтөлбөрүүдийг өөрчилсний дараа үлдэж хоцорсон ганц төсөл. Оросын талтай 50, 50 хувийн оролцоотой энэ төслийг өргөжүүлэхэд бид онцгой анхаарах болно.

2016 онд болсон парламент /УИХ/-ын сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн оросын эзэмшлийн 49 хувь зарагдсан. Энэ бол ноцтой асуудал. Ийм явдал УБТЗ дээр бүү гараасай гэж бид харж байгаа. Уул уурхайн хэд хэдэн лиценз эзэмшдэг “Монголросцвет” компани бас байна. Өнөөдөр асар их өртэй байгаа энэ компанийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд бид анхаарах хэрэгтэй байгаа юм.

-Монгол бол үзэсгэлэнт сайхан байгалиараа давтагдашгүй орон. Оросын жуулчдыг монголд ирэхийг нь нэмэгдүүлэх талаар та юу зөвлөмөөр байна?

-Аялал жуулчлал гэдэг чанартай үйлчилгээ, сайн удирдлага, зохицуулалт шаарддаг өвөрмөц салбар. Ирэх жил бид шинэ нисэх буудал нээнэ. Энэ бол аялал жуулчлалын салбарт, ялангуяа оросын жуулчдыг татахад том түлхэц болно. Оросын жуулчид өнөөдөр Монголд цөөн ирж байгаа. Үндсэндээ Сибирийн бүсээс л цөөн жуулчин автобусаар ирж амарч байна. Москва болон ОХУ-ын Европын хэсгийнхэн бол Турк, Европын орнууд руу л явж байгаа шүү дээ.

Тэгээд бид ОХУ-ын Буриадын аяллын товчоодтой Япон, БНСУ-ын жуулчдыг Буриад, Монгол Улс, Өвөрмонголд, өөрөөр хэлбэл “гурван монгол”-оор аялуулдаг аялал жуулчлалын тойрог бий болгох талаар санал солилцсон. Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орчихвол бид Москва, Санкт-Петербургээс ч жуулчид авах боломжтой. Түүнчлэн бид жуулчдын үйлчилгээний нөхцөлийг сайжруулахын төлөө ажиллаж байна.

-Та Владивостокт болох Дорнын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байгаа юм байна. Энэ форумын хүрээнд ямар ямар ажил амжуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Энэ бол миний анхны гадаад айлчлал юм. Энэ форумын хүрээнд би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Зүүн хойд Азийн орнуудын Төрийн тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Хөтөлбөрийг Монгол Улсын Гадаад харилцааны яам боловсруулж байгаа.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж