“Нэг ардчилал” клубын залуус хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Нэг ардчилал” клубын залуус хуралдав

Одоогоос жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин тэргүүтэй хэсэг залуус нэгдэн ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх,  улс төрд ирээдүйн ардчилсан манлайлагчдыг бэлтгэх, залуу үеийг дэмжих, ардчилсан намыг шинэчлэх улмаар улс орноо хөгжүүлэх зорилготойгоор “Нэг ардчилал” клубыг байгуулж байсан. Уг клубт улс төр, бизнесийн салбарт нэр хүнд бүхий олон залуус нэгдсэнээс Ардчилсан намын доторх байр суурийг нь нэлээд хүчирхэг харагдуулж байв. Тэр ч утгаараа 3 сард болж өнгөрсөн Ардчилсан намын дотоод сонгууль буюу ҮЗХороонд “Нэг ардчилал” клуб нэлээн хүчтэй өрсөлдөж, үзэл бодол, зорилго нэгтэй ҮЗХ-ны 40 гаран гишүүнтэй болж олон залуусаар хүрээгээ тэлж чаджээ. Улмаар тэд өнгөрсөн амралтын өдөр буюу 4 дүгээр сарын 3-нд байгалийн дархан цаазат “Нүхт” цогцолборт ээлжит хурлаа хийж, цаашид явуулах үйл ажиллагаагаа төлөвлөн, одооноос өөрсдийн дуу хоолойгоо улам хүчтэй илэрхийлэхээр шийдвэрлэжээ. Уг хуралд “Нэг ардчилал” клубт данстай Ардчилсан намын ҮЗХ-ны 44 гишүүн, тухайлбал, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Ариунболд, ГХЯ-ны дэд сайд Б.Болор,   МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, БЗД-ийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ховд аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж, ЧД-ийн АН-ын дэд дарга Б.Батбилэг, Д.Бадарсан, А.Гантулга, Н.Тэгшбаяр, Э.Тамир зэрэг хүмүүс оролцжээ. Ийнхүү “Нэг ардчилал” клуб Ардчилсан нам дахь байр сууриа нэлээд бэхжүүлээд байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж