Засгийн газрын гишүүд аймгийн Засаг дарга нартай хийж буй уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцож байгаа юм. Орон нутгаас ирсэн удирдлагууд энэ жил гантай, гандуу байгааг тодотгож байсан. Тиймээс өвөл хадлан тэжээлийн нөөц базаах шаардлагатай байгаа дуулгасан юм. Мөн гурилын нөөцөө дотоодоос бэлтгэх үүднээс 170 мянган тонн улаанбуудайг гаднаас импортоор авахаар болжээ. Харин нэг ч кг гурил импортоор авахгүй, гурилын үнэ ч өсөхгүй гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хэлэв.
Мөн орон нутагт түргэний машин дутагдалтай тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цагтаа хүрч чадахгүй байгааг Засаг дарга нар учирлав. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 21 аймгийн 330 сум түргэний машинтай эсэхийг нягталж, байхгүй сумдад түргэний машин олгох ажлыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгав. Шаардлагатай хөрөнгийг энэ оны төсвийн тодотголоор суулгах аж.
Т.НОМИН