Тамирчдын тосгон оюутны байранд байрлана
“Универсиад-2011” наадмын хөтөлбөрт багтсан уулын цана, гүйлтийн цана, фристайл, цанын харайлт, цанын хоёр төрөлт, биатлон, уран гулгалт, шорт-трек, хоккей, сноуборд, кёрлинг, мөсөн дээрх бүжиг гэсэн үндсэн 12 төрөлд таван тивийн 57 орны 2000 тамирчин өрсөлдөх юм. Наадмыг Кандилли, Паландокен, Конакли гэсэн гурван газар хамтран зохион байгуулна. Кандиллид биатлон, гүйлтийн цанын тэмцээн, фрийстайл, сноуборд, Паландокендэд цанын харайлт, Конаклид уулын цана, хотын төвийн “Кемал Гурсел” спорт цогцолборт хоккейн, Эрзурум хотод уран гулгал, шорт-трекийн уралдаан, тэмцээн тэмцээн болохоор төлөвлөжээ. Тамирчдын тосгон Эрзурум хотын “Ататюрк” их сургуулийн оюутны байранд байрлах ба нааадмын нээлт болох газраасаа нэг, хотын төвөөс гурав, нисэх онгоцны буудлаас 11 км зайд оршдог. Тосгонд тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс нэгэн дор байрлах юм. Эндхүнд хэрэгтэй бүхий л үйлчилгээний газрууд нэгэн дор байх юм. Зохион байгуулагчид тамирчдыг Стамбулын нисэх онгоцны буудалд угтан авч, Эрзурум хотын тамирчдын тосгон руу онгоцоор хүргэн өгөх аж. Тэмцээн, бэлтгэлийн газар руу автобус хуваарийн дагуу үйлчилнэ. Түүнчлэн мандат авсан оролцогчдод эмнэлгийн анхны тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэх нөхцлөөр ханган ажиллахаа мэдэгджээ.
Наадмын нээлт, хаалтын ажиллагаа Эрзурум хотын “Кемал Гурсел” цэнгэлдэх хүрээлэнд болно. Нээлтийн ажиллагаа 27-нд соёл урлагийн тоглолтоор эхэлж, турк үндэстний спортын үзүүлбэрээр үргэлжилэхээр бэлтгэгджээ. Харин хаалт хоёрдугаар сарын 6-нд болно. Наадмын албан ёсны вэб сайт www.universiadeerzurum.org руу орж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Монголчууд хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно
Тус наадамд манай улсаас шорт-трек, гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин, нэг албаны хүн оролцохоор боллоо. Төлөөлөгчдийн ахлагчаар МОСХ-ын дэд ерөнхийлөгч С.Нацагдорж, гүйлтийн цанын төрөлд МУБИС-ийн БТДС-ийн IV курсын оюутан ОУХМ Т.Доржготов, шорт-трейкт тус сургуулийн II курсын оюутан ОУХМ Б.Базарсад нар хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Гүйлтийн цанын тэмцээн энэ сарын 28-31-нд болж Т.Доржготов спринт, 10 км-ын ганцаарчилсан, 7,5х7,5 холимог зайн уралдаануудад оролцоно. Тэрбээр 2009 онд Чехэд болсон ДАШТ болон 2009-2010 оны улирлын Дэлхийн цомын тэмцээнд хоёр гараанд уралдаж байсан, олон улсын тэмцээнд 16 удаа оролцсон манай туршлагатай тамирчдын нэг юм. “Сочи-20143 өвлийн олимпийн наадамд бэлтгэгдэж манай улсын олон удаагийн аварга тамирчин билээ.
Шорт-трекийн уралдаан 28-30-нд болох бөгөөд Б.Базарсад 500, 1000, 1500 м-ийн зайд өрсөлдөнө. 2007 онд БНХАУ-ын Чанчүнь хотод болсон Азийн өвлийн спортын VI наадам, 2009 онд Харбинд болсон өвлийн XXIV “Универсиад”-д оролцож байв. Түүнчлэн хоёр жилийн өмнө Бээжин, Канадын Монреаль, АНУ-ын Мичиганд болсон дэлхийн цомын тэмцээн хурд сорьж байв. Монголын оюутан тамирчид 1991 онд Японы Саппоро хотод болсон өвлийн “Универсиад” наадамд анх оролцож, түүнээс хойш нэг ч алгасаагүй түүхтэй.Хоёр жилийн өмнө БНХАУ-ын Харбинд болсон наадамд монголчууд уулын цана, цана, тэшүүр, шорт-трекийн төрөлд өрсөлдсөнөөс тэшүүрийн тамирчин Г.Ууганбаатар дөрвөн зайн уралдаанд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож байв. Түүнчлэн Б.Ургаацэцэг хоёр зайд дээд амжилтыг эвджээ.
Д.Нанжид.
Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.