ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.18-нд нийтлэгдсэн

ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны төв салбарын үнэлгээний багийн төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Германы талаас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Гласс, ХБНГУ-ын СБЗБ-ны төв салбарын Зүүн Ази болон Номхон далайн бүсийн байгаль орчны газрын дарга Андрю Жонстон тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал болон БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнууд, төслийн багийнхан оролцсон юм.

Монгол Улсын хувьд ХБНГУ-тай нягт хамтран ажилладаг. Тэр үүднээсээ олон томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэгвэл өнөөдрийн уулзалтаар байгаль орчны салбарт хоёр улсын Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн I үе шатны 2017 оны хэрэгжилт болон II үе шат эхлэхтэй холбогдуулан санал солилцсон юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол-Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ХБНГУ-ын Сэргээн Босголт Зээлийн банк (KfW)-аар дамжуулан хэрэгжиж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл” нь монгол орны байгаль орчны салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд бидний зүгээс ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн тус төслийн хүрээнд түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатай нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур зэрэг тусгай хамгаалалттай газрын 14 захиргаадад гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон автомашин, багаж хэрэгслийг олгосон нь ялангуяа хуурайшилт их, ой хээрийн түймэр олон гарсан 2017 оны хувьд цаг үеээ олсон чухал ажил болсон. 2017 оны түймэрт өртсөн талбайн хэмжээ эцэслэж гараагүй байгаа ч урьдчилсан тооцоогоор энэ жил УТХГ-т гарсан нийт 46 удаагийн ой хээрийн түймрийн 50 мянга орчим га талбайг эдгээр автомашинуудын тусламжтайгаар цаг алдалгүй шуурхай унтрааж чадсан. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Германы талаас мөн дээрх төслийн хоёрдугаар үе шат эхлэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн, байгаль орчны салбарт идэвхитэй хамтран ажиллаж, үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, харилцан үр бүтээлтэй ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн дээр дурьдсан төсөлтэй холбогдуулан урсгал зардлын санхүүжилттэй холбоотой асуудалд дэмжлэг үзүүлэн оролцох аж.

Дашрамд дурьдахад, 2016 оны 11 дүгээр сард Берлин хотноо зохион байгуулагдсан Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлого хамтын ажиллагааны хэлэлцээрийн үеэр тус төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэхээр тохиролцсоны бөгөөд энэ оны 6-8 сарын хооронд төслийн үнэлгээний олон улсын баг Монголд ирж ажиллан 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр Монгол орны Говийн болон Баруун бүсийн УТХН, тэдгээрийн орчны бүсийн менежментийг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэж талууд үзэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж