-Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулах комиссос илгээсэн хуудсын дагуу клубийн дасгалжуулагч нар тоглогчдоо үндэсний шигшээ багт нэр дэвшүүлсэн. Эндээс багаа сонгож авлаа.
-Багийн ахлагч Д.Лүмбэнгаравыг эс тооцвол ихэнх нь залуу тоглогч байна шүү?
-Тийм ээ. Энэ жилийн бага их залуухан байгаа. Манай Д.Лүмбэнгарав ганцаараа 30 гарсан. Б.Гарьдмагнай, Ц.Энхжаргал, С.Одхүү, Б.Анар, З.Баттулга нар 25-26 насных, бусад нь 19-22-той залуучууд юм. Залуучуудад итгэл хүлээлгэж, шинэчлэх шаардлага байсан.
-Филиппиний багийг хэр судалсан бэ?
-Сугалаагаар оноолт таарсан цагаас их сонирхож эхэлсэн. Сая болсон “Сүзүки Кап” тэмцээний тоглолтыг сайн ажиглалаа. Өнгөрсөн намар манай сингапур мэргэжилтэн Кунжи Жамалудеен ирж, Азийн хөлбөмбөгийн холбооны “С” ангиллын дасгалжуулагчийн сургалт зохион байгуулсан. Тэр багш бидний хүсэлтээр Филиппиний Сингапур, Вьетнамтай хийсэн тоглолтын бичлэг явуулсан. Тэр тоглолтыг үзэж, өрсөлдөгчдөө судалж байна.
-Тоглогч бүр ажил, сургуультай. Тэр бүр бэлтгэлдээ хамрагдаж чадаж байна уу?
-Ихэнх нь оюутан, зарим нь ажилтай болохоор хүндрэлтэй зүйл учирч байсан. Харин саяхнаас гуравдугаар сарын 15 хүртэл чөлөөлөгдөөд, ямар нэгэн асуудалгүйгээр бэлтгэлдээ анхаарлаа хандуулж байна. МХБХ БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоонд санал тавьсны дагуу энэ сарын 29-нд Гуанжоуд очно. Сайхан боломж юм. Гуанжоу Филиппинтэй цаг агаарын хувьд тун төстэй.
-Шигшээ багийн өмсгөлийн өнгө өөрчлөгдсөн гэв үү?
-Тийм ээ. МХБХ-ны удирдлага хуралдаж, загвар, өнгөө өөрчилсөн. Төрийн далбааны өнгөний дагуу улаан футболк, цэнхэр шорт, улаан оймстой болсон. Гуравдугаар сарын 15-нд Улаанбаатарт болох тоглолтод шинэ өмсгөлөө өмсч тоглоно.
-Манайд болох хариу тоглолтын орчин ямар байгаасай гэж хүсч байна вэ?
-Олон хөгжөөн дэмжигч ирж үзэж, элэгсэг дотноор, сэтгэлээсэй дэмжээсэй.
-Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нарын саналаар дэлхийн шилдэг хөлбөмбөгч тодордог. Та “FIFA Ballon d`Or”-т хэн хэнд саналаа өгсөн бэ?
-Нэгдүгээрт Андрес Иньеста, хоёрдугаарт Лионель Месси, гуравдугаар Диего Форланыг сонгосон. Гэхдээ санал асуулгын дүн миний бодож байснаас арай өөр гарсан /инээв/.
Д.Нанжид.
Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин.