Хятад улсын интернэт хэрэглээний 2010 оны тайлан саяхан гарчээ. Уг тайланд 2010 оны эцсийн байдлаар Хятад улсад интернэт хэрэглэгчдийн тоо 457 саяд хүрч, өмнөх онтой харьцуулахад 73,3 саяаар өссөн байна. Хятадын интернэт хэрэглэгчид нэг долоо хоногт дунджаар 18,3 цаг, нэг хоногт 2,61 цагийг интернэт орчинд өнгөрүүлдэг болжээ. Хятадын алслагдсан муж, хөдөө тосгонд интернэт хэрэглэгчид 16,9 хувиар өсч, 125 саяд хүрсэн нь Хятад улсад интернэтийн дэд бүтэц сайжирсныг харуулж байна.
Түүнчлэн интернэтээр төлбөр тооцоо хийх, бараа бүтээгдэхүүн захиалж, худалдан авах хэмжээ 2009 онтой харьцуулахад 48 хувиар өсчээ. Нийт интернэт хэрэглэгчдийн 66,2 хувь нь гар утаснаасаа интернэтэд холбогддог бөгөөд өмнөх оноос мөн 5,4 хувиар өсчээ. Харин интернэтийн хурд 2009 онд харьцангуй удаан 100.9 кб/с байсан бол 2010 онд 212.5 кб/с болсон ч, дэлхийн интернэтийн хурдны дундаж хэмжээнд хараахан хүрээгүй байна.
Б. Энхцэцэг