Оддын амьдрал булангийн энэ удаагийн дугаарт “Rammstein”-аас хойш гарч ирсэн Германы хамгийн алдартай хамтлаг болсон “Tokio Hotel” хамтлагийн амжилтын түүхийг өгүүлж байна.
Хамтлагийн түүх
Хамтлагийг ихэр ах дүүс болох Билл ба Том Каулицт нар багын найз бөмбөрчин Густав Шефер, аргил гитарчин Георг Листинг нартай хамтарч 2001 онд Токио хотэл хамтлагыг байгуулжээ. Тэд сургуульд байхын нэгнээ мэдэх ч Германы Магдебург хотод болсон нэгэн шоуны үеэр уулзаж, хамтлаг байгуулахаар ярилцсан байна. Хамтлагаа “Devilish” гэж нэрлэн Магдебургийн жижиг тоглолт, авьяастан шалгаруулах тэмцээнд оролцож, олны анхаарлыг татахыг оролдож байв. Удалгүй 2003 онд Билл Каулитц 13 настайдаа Германы “Star Search” дууны шоунд оролцсоноор амжилтын үзүүрээс атгажээ. Билл шоуны хагас финалаас хасагдсан ч алдарт хөгжмийн продюсер Петер Хоффманы хараанд өртөж чадсан юм.
Үүний дараа хамтлаг нэрээ “Tokio Hotel” болгон өөрчилжээ. Залуус Японы Токио хотод дуртай бас байнга шахуу зочид буудлуудаар гэр хийх болсноор хамтлагаа “Tokio Hotel” гэж нэрлэсэн аж. Петер Хоффманы удирдлага дор хамтлаг “Sony BMG” компанитай гэрээ байгуулсан байна. Гэвч хамтлаг тэсрэлт хийж, олон улсад алдаршихаас өмнө “Sony”, “Tokio Hotel”-той гэрээ цуцалжээ. Үүний дараа 2005 онд “Universal Music Group” –тэй хамтран хамтлагийг алдарт хөтөлсөн ‘Durch den Monsun’ синглээ гаргасан нь олон орны чартыг нэг хэсэгтээ л эзэгнэсэн юм. Монголд ч “Tokio Hotel” энэ дуугаараа хүүхэд, залуусыг соронзон мэт татаж байв. Бүр нэг хэсэг Монголын хүүхэд, залуусын дунд Биллийн үсний засалтыг даган дуурайх мод дэлгэрээд байлаа. Ийнхүү ихрүүд 15 настайдаа олон нийтийн анхаарлыг ихээр татсан хамгийн амжилттай залуу хамтлагийг бий болгосон байв. Өнгөрсөн хугацаанд хамтлагийн хүртсэн шагналыг жагсаавал урт жагсаал болно.
Өөрчлөлт
“Tokio Hotel” хамтлаг өнгөрсөн хугацаанд “Schrei” (2005), “Zimmer 483” (2007), “Scream” (2007), “Humanoid” (2009), Kings of Suburbia (2014), “Dream Machine” (2017) гэх зургаан цомог гаргаснаас гадна хамтлагийн ахлагч Билл таван дуунаас бүрдэх “I’m Not OK” гэх соло уран бүтээлээ гаргасан юм. Тав дахь “Kings of Suburbia” цомгоос хамтлагийн урьдын хэв маяг, хөгжмийн жанрыг эрс өөрчилсөн. Тэд цаг үеэ дагаад илүү электроник жанр руу ууссан бөгөөд Том Каулитц продюсораар давхар ажиллаж эхэлжээ. Энэ нь залуус нас биед хүрч, үзэл бодол нь өөрчлөгдсөн болон Германаас нүүж, АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдрах болсных аж. Залуус эх орноосоо дүрвэх болсон шалтгаан нь Германд папарацичдаас болоод энгийн амьдралаар амьдрах боломжгүй болсонтой холбоотой. Өдгөө хамтлаг “Dream Machine” цомгийнхоо аялан тоглолтоор Европын хотуудаар явж буй. Тус хамтлаг цомог гаргасныхаа дараа дэлхийг тойрсон аялан тоглолт хийдэг уламжлалтай. Энэ нь ч ашигтай менежмент юм.
“Бид бол хоёр өөр амьдралаар амьдарч буй нэг хүн”
Ихрүүд зүүн Германы Липциг хотын эмнэлэгт 1989 оны есдүгээр сарын 1-нд хоорондоо 10 минутын зайтай мэндэлжээ. Том нь Биллээс 10 минутын ах. Гэвч Билл өсч том болохдоо Томоос 10 см илүү өндөр болсон байна. Том бол маш сайн ах. Тэр Биллийг ээжээсээ ч илүү эрхлүүлж, хамгаалж, халамжилдаг. Түүнчлэн тэдний хооронд онцгой холбоо байдаг бөгөөд түүгээрээ нэгэндээ тохиосон аюулыг мэдэрдэг. Тухайлбал, Билл 2011 онд осолд орж хөнгөн гэмтсэн бөгөөд тухайн үед Том нь түүнд санаа зовж байгаагаа хэлж болгоомжтой явахыг сануулсан гэдэг.
Хэдийгээр тэд ихэр ч тэс өөр зан араншинтай хүмүүс. Билл нээлттэй, эрч хүчтэй гэхдээ нэлээд залхуу. Тэр нэг удаа би хөгжмийн зэмсгээр тоглож сурахаас залхуурдаг болохоор дуу дуулдаг гэж хэлж байжээ. Билл дуулахаас гадна хувцас загварын салбарт сонирхолтой. Харин Том их тэвчээртэй, уйгагүй. Тэр төгөлдөр хуур, гитар зэрэг олон хөгжмийн зэмсгээр тоглож чаддаг бөгөөд дуу хөгжмийн продюсер, DJ хийх сонирхолтой. Эсрэг тэсрэг байдлынхаа талаар тэд “Бид бол хоёр өөр амьдралаар амьдарч буй нэг хүн” гэж хэлж байв.
Гэр бүл
Ихрүүд төрсөн эцэг Йёрг Каулитцын хамт Билл, Том нарын хувьд амьдрал нь тийм ч дардан байсангүй. Тэднийг долоон настай байхад эцэг, эх нь салсан байна. Ихрүүдийн эцэг Йёрг Каулитц болон эх Симоне нар 1996 онд салжээ. Йёрг Каулитц хүнд машины жолооч мэргэжилтэй бөгөөд гэрлэлтээ батлуулаагүйгээс ихрүүдийг асран хамгаалах эрх эх Симонед үлджээ. Үүнээс хойш 12 жилийн дараа Симоне Германы “Fatun” рок хамтлагийн бөмбөрчин Гордон Трампертай дахин гэрлэсэн юм. Энэ үед ихрүүд хөгжмийн ертөнцөд хэдийнэ хөл тавьсан байлаа. Гордон Трампер ихрүүдийн хөгжмийн авъяасыг маш их дэмждэг байв. “Токио Хотел” хамтлагийн гитарчин Том Каулитцад анхных гитарыг хойд эцэг нь бэлэглэж байжээ. Харин төрсөн эцэг Йёрг Каулитц нь ихрүүдийг нэрд гарахын хэрээр тэднээс хөндийрч, харилцаа холбоо нь тасарсан талаар өнгөрсөн онд Германы нэгэн сонинд ярилцлага өгсөн байна. Өмнө нь тэрбээр ихрүүдийн талаар сонинд хэвлэлд ярилцлага өгч байгаагүй юм.
Билл гомо эсвэл эмэгтэй?
Хамтлаг нэрд гарахын хэрээр Биллийн өвөрмөц дүр төрх, хувцаслалт олны хэл амны бай болж, элдэв цуу тарж эхлэв. Ихэнх хүмүүс Биллийг нүүрээ будаж, бариу хувцас өмсдөгийг хараад гомо эсвэл эмэгтэй гэж бодоцгоох болов. Энэ бүхнийг Билл эрс няцаасаар өдийг хүрсэн. Билл “Би нүүрээ будаж, өндөр ултай гутал, бариу өмд өмсдөг ч та нарын найз бүсгүйг орондоо оруулж дөнгөнө” хэмээн өөрийг нь шүүмжлэгчдийн амыг таглаж байв. Харин энэ наймдугаар сарын эхээр тэрбээр Каролине Даур гэгч шаргал үст бүсгүйтэй авхуулсан зургаа “Инстаграм” хуудсандаа оруулж, найз бүсгүйгээ анх удаа нийтэд танилцуулсан билээ. Тэрбээр удаан хугацаанд найз бүсгүйгүй явж ирсэн шалтгааныг “Би чин үнэнч хайранд итгэдэг. Тэр миний мөнгөнд, бидний дуунд биш надад чин сэтгэлээсээ хайртай байх ёстой” гэж “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ. Харин Томын хувьд эсэргээрээ зуурдын зугаа цэнгэлд дуртай гэдгээ нуудаггүй. Түүний хүсэмжит бүсгүй нь жүжигчин Жессика Альба. Харамсалтай нь Жессика Альба хэдийнэ өөр хүний эхнэр, хоёр охины ээж болсон юм. Том загвар өмсөгч Риа Зоммерфельдтэй хэдэн жил болзсон. Хэдийгээр ихрүүд хайр дурлалыг өөр, өөрөөр ойлгодог боловч анхны үнсэлтээ есөн настай байхдаа нэг охинд өгч байжээ. Хамтлагийн гишүүдээс хамгийн түрүүнд Густав Шефер хүнтэй сууж, охинтой болсон.
Холбоотой мэдээ