60 тэрбумын “эзэн” Г.Доржзодов гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

60 тэрбумын “эзэн” Г.Доржзодов гэж хэн бэ?

60 тэрбумын “эзэн” Г.Доржзодов гэж хэн бэ?

Өнгөрсөн 2016 оны сонгуулиас ч өмнө МАН-ын зарим удирдлагууд төрийн албыг үнэлж, 60 тэрбум төгрөг босгох талаар ярилцаж буй бичлэг олон нийтэд цацагдсан.  “Төрийн байгууллагын газрын даргаас дээш сайд хүртэлх албан тушаалыг үнэлж, зөвхөн нийслэлээс 60 тэрбум төгрөг босгоно” гэх энэ яриа өнөөдрийг хүртэл улс төрийг чиглүүлэх гол “зэвсэг” болоод буй. Энэхүү бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов гэгч чухам хэн бэ.

МАН 60 тэрбум төгрөгийг төрийн албыг наймаалцсан гэх энэ бичлэг задрахаас өмнө иргэн Г.Доржзодовыг таньдаг хүн цөөн байсан. Харин бичлэгийг хийснээс хойш  хоёр жилийн дараа хэсэгчлэн (хоёр минутын хэд хэдэн бичлэг)  сошиалд байрлуулснаар өнөөдрийн улс төрийн маргааны эхлэл тавигдсан. Энэхүү бичлэг олон нийтэд хүрсний дараа АН, МАХН-ынхан хуулийн байгууллагаар шалгуулсан ч бичлэгийг  эвлүүлэг гэж үзсэн. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө 90 минутын бичлэг, 2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа мөн 40 минутын бичлэгүүд нэмэгдэж гарч ирсэн. Ямартай ч МАН-ыг том ялалтаас ялагдал руу хөтлөх гол хүчин зүйлүүдийн нэг иргэн Г.Доржзодов байв. 2, 90, 40 минутын бичлэгүүд эвлүүлэг үү эсвэл үнэхээр бодит уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно. Тэгвэл “60 тэрбум”-ын бичлэгээр од болсон иргэн Г.Доржзодов гэж хэн бэ.

Намтар

  • Ганболдын Доржзодов тун саяхан 42 насны босго алхсан. Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 7-ний өдөр төрсөн юм.
  • 1983-1993 онд Дархан-Уул аймгийн 16 дугаар дунд сургууль төгсчээ.
  • 2001-2005 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуульд Сонгуулийн технологи, сонгуулийн стратеги төлөвлөлт сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан.
  • 2005-2007 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг Бодлогын стратегийн анализ сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
  • 2007 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг бодлогын стратегийн анализ сэдвээр аспирантурт суралцаж байсан.
  • Англи, Орос хэлтэй.

Ажилласан байдал

  • 2007 оны зургадугаар сараас арваннэгдүгээр сарын хугацаанд “Perfect Solution” ХХК-нд ахлах шинжээчээр ажиллаж байсан.  Харин тэрээр “Шинэ хаадын өргөө” ХХК-д ажилд орохдоо өгсөн анкетдаа “Perfect Solution” ХХК-нд ахлах шинжээчээс гадна УИХ-ын 2008 оны сонгуулийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн сонгуулийн улс төрийн судалгаа, тулгамдсан асуудал болон сонгогчдын санаа бодлын судалгааг хийж, сонгуулийн компанийн стратегийг боловсруулах, штабын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, нэр дэвшигчдийн илтгэлийг хийж гүйцэтгэж байсан” гэжээ.
  • 2008 оны 1-7 дугаар сарын хооронд УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн компанийн Ерөнхий менежер, ахлах стратегич, зөвлөх. Энэ үед нэр дэвшигчийн сонгуулийн төв штабыг зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажилласан гэжээ. 60 тэрбум бичлэгийг тараасны дараа Өдрийн сонинд /ЭНД дарж үзнэ үү/ ярилцлага өгөхдөө 2008 оны сонгуульд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгуулийн штабыг удирдаж, ялуулж байсан гэжээ.
  • 2008 оны аравдугаар сараас 2009 оны 11 сар хүртэл Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газарт ажиллаж байжээ. Ингэхдээ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан гэжээ.
  • 2010 оны нэгдүгээр сараас 2012 оны долдугаар сарын хооронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судалгааны хүрээлэн, Олон улс судлалын төвд ахлах шинжээч, төрийн эрхлэгчээр ажиллаж байсан.
  • 2012 оны долоогоос аравдугаар сард Барилгын салбар дахь дотоодын аж ахуй нэгжүүдэд шаардлагатай, хямд гадаадын хүчийг зуучлах үйл ажиллагаа явуулдаг “International Services group” ХХК-д  Гүйцэтгэх захирал. Дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудыг зуны амралтаараа гадаадад ажиллах амрах хөтөлбөрт хамруулах үйл ажиллагаа явуулдаг “Open world” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан.
  • 2012 арванхоёрдугаар сараас “Competitive Intelligens Solution” ХХК үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилласан.  Энэхүү компани нь Монголд анх удаа компанийн өрсөлдөөний тагнуулын зөвлөх үйлчилгээ болон гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг.
  • 2014 оноос “Шинэ хаадын өргөө” ХХК-д ажиллаж байсан.
  • Харин одоо тэрээр хуулийн байгууллагад шалгагдаж буй иргэн Г.Доржзодов. Түүнийг баатар эсвэл урвагч уу гэдгийг тодотгох гэсэнгүй. Төрийн албыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгохоор ярилцсан нэр бүхий хүмүүсийн ярианы бичлэгийг ил болгож, олонд танигдсан иргэн Г.Доржзодов хэн болох, ямар албан тушаал хашиж байсан, юу хийж байсан бэ гэдгийг л танилцуулахад ийм ажээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж