Ч.Энхбат: Марк цуглуулагчид тамирчид шиг өрсөлддөг

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Ч.Энхбат: Марк цуглуулагчид тамирчид шиг өрсөлддөг

Модод шарлаж, навчис ганц нэгээр хаялах намар цаг хаалга тогшиж, оюутан залуус эрдмийн өргөөндөө цугларч, малчид уяачид маань хадлан түлшээ бэлтгэн, хайруу өвлийн бэлтгэлээ хийх энэ л ахуйд хурдан морь сонирхогчдын чөлөөт сэтгүүл “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар уншигч олныхоо гарт хүрч байна

Индонезийн Бандун хотноо наймдугаар сарын 3-7-ны өдрүүдэд Дэлхийн маркийн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Энэхүү үзэсгэлэнд Монголын марк сонирхогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, мэргэжлийн марк цуглуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Энхбат амжилттай оролцож, зургаа дахь алтан медалиа хүртээд иржээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Дэлхийн маркийн үзэсгэлэнд амжилттай оролцож, зургаа дахь алтан медалиа өвөртлөн иржээ. “Холын хүнээс үг сонс” гэдэг дээ. Явсан газрын сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Энэ удаагийн Дэлхийн маркийн үзэсгэлэн Индонез улсад энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд дэлхийн 56 улсын 457 марк цуглуулагч оролцож, 2000 орчим самбар үзэсгэлэнг сонирхууллаа. Монгол Улсаас таван цуглуулагч оролцоод ирлээ. Миний хувьд монголынхоо шуудангийн түүх сэдвээр оролцож, зургаа дахь алтан медалийг хүртлээ. Мөн дэлхийн үзэсгэлэнгүүдэд тогтмол 30 орчим тусгай шагнал олгодог. Миний хувьд уг үзэсгэлэнгээс гурав дахь удаагаа тусгай шагнал хүртсэндээ баяртай байгаа. Ноднин жилээс олон улсын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байгаа Г.Дэмбэрэлдорж гэдэг залуу цуглуулагч Монголынхоо анхны Элдэв-Очир, Соёмбо үсэгтэй маркаар амжилттай оролцож, анхныхаа алтадсан мөнгөн медалийг хүртсэн.  Бас залуусын ангилалд хоёр залуу цуглуулагч оролцон мөнгө, мөнгөжсөн хүрэл медалийн эзэн болсон.

-Дэлхийн үзэсгэлэнд оролцогчдын хувьд тооны хязгаартай байдаг уу?

-Ер нь дэлхийн үзэсгэлэнд оролцох хүсэлтэй цуглуулагч бүрийг оруулдаггүй. Нэг улсаас дунджаар тав орчим хүнийг оруулдаг. Өмнө нь цуглуулгаараа амжилт үзүүлж байсан эсэхийг харна. Мөн тухайн зохион байгуулж буй орнуудаас хамаарч аль улсаас хэчнээн цуглуулагч оролцуулахыг шийддэг. Мэдээж зохион байгуулж буй орнууд давуу эрхтэйгээр олон тооны цуглуулагч оролцох эрхтэй байдаг. Дэлхийн маркийн үзэсгэлэнд анх удаа цуглуулгаараа оролцох гэж буй бол нэлээд өндөр шалгуур тавьдаг байх жишээтэй.

-Олон улсын үзэсгэлэнд оролцогчид тодорхой тооны хязгаартай гэлээ. Харин сонгогдсон цуглуулагчдыг ямар шалгуураар шалгаруулдаг нь сонирхол татаж байна?

-Нэг цуглуулагчийн үзэсгэлэнг 4-5 шүүгч шүүнэ. Шүүгч бүр өөрсдийн гэсэн шүүх системтэй байдаг. Жишээ нь энэ үзэсгэлэнд ямар ховор марк байгааг судалж, үнэлгээ өгнө. Дараагаар нь зөвхөн цуглуулагч маань цуглуулгынхаа талаар хэр мэдлэгтэй байна, үзэсгэлэнд оролцохын тулд оролцож буй төрлийнхөө салбарт шинэ нээлт хийсэн үү, үзэсгэлэнгээ хэрхэн эмх цэгцтэй ангилсан байна вэ зэрэг нарийн шалгуураар шүүдэг. Миний хувьд тив дэлхийн тэмцээнд оролцож байгаа тамирчдын түвшинд л өөрийгөө бэлтгэдэг. Шүүгчид дунд Монгол Улсыг дэмжих, дэмжихгүй ч хүмүүс бий. Спортын тэмцээнд оролцоод ялах, ялагдах мэдрэмжийг биеэрээ үзэж, туулаад л ирдэг дээ.

Анхны марк сонирхогч хүмүүс нийлж, манай холбоог байгуулж байсан. Ер нь 1960-аад оны сүүлчээс дэлхийн дахины үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, ахмад цуглуулагчид тогтмол оролцож байсан. Энэ түүчээг алдахгүйг хичээж, 1990-ээд оноос хойш филател сонирхогчид Олон улсын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн.

-Таны хувьд Монголын шуудангийн түүх сэдвээр марк цуглуулдаг. Цуглуулгаас нь Монголын шуудангийн хөгжлийн салбарын түүхийг харж болох нь ээ. Түүхэн сонирхолтой ямар захидал байдаг бол?

-Миний цуглуулгад дан марк тун цөөн. Монголын шуудангийн түүх гэхээр хүмүүс ямар шуудангаар хэл авч байв, ямар үнэлгээтэй марк нааж байсан юм бэ гэсэн гэдгийг цуглуулгаас маань харж болно. Цуглуулгын маань 99 хувь нь дугтуйн дээрээ наалттай байдаг. Би үндсэндээ цуглуулгаа дөрөв ангилдаг. Эхнийх нь Өгөдэй хаанаас уламжлалтай морин өртөөний дугтуйнууд бий. Эдгээр захидал дунд “Хурдан мориор довтолгон хүргүүл” хэмээх шуурхай захиа байгаа. Хоёрдугаар хэсэгт 1870 онд Хаант Оросын шуудан Өргөө хотод нээгдсэнээр тэр үеийн марктай шуудангийн нэн шинэ түүх Монголд нэвтэрсэн байдаг. Гурав дахь хэсэгт 1910 онд Манж чин гүрний салбар Өргөө хотод нээгдэж байсан. Тэгээд 1921 оны хувьсгалаас хойш монголын шуудан 1933 он хүртэл хэдэн шуудангийн салбартай, ямар үнэтэй марк хэрэглэж байсныг харуулсан байгаа. Миний мэдэхийн Монголын шуудангийн түүхээр дэлхийн хэмжээний 4-5 том цуглуулагч Олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож, алт, мөнгөн медаль хүртэж байсан. Тиймээс Монголын шуудангийн түүхийг дэлхийн цуглуулагчид ихээр сонирхох болсон. Учир нь БНХАУ-ын хоёр том цуглуулагч дэлхийн үзэсгэлэнгээс хамгийн том шагнал болох Олон улсын Гран приг өнгөрсөн жил авсан. Ингэснээр манай орны шуудангийн түүхийг ихээр сурталчилж буй явдал юм.

-Маркийн цуглуулгаа хэрхэн баяжуулдаг вэ. Цаг хугацаа өнгөрөх тусам хуучны ховор сонин маркийг олоход бэрхшээлтэй байдаг байх?

-Ер нь сүүлийн 10 жил маркийн олдоц ховор байна. Би жилдээ 1-2 маркаар л цуглуулгаа арвижуулдаг. Өмнө нь үзэсгэлэнд тавигдаж байсан маркийн цуглуулгаасаа илүү байж үнэлгээ өндөр авна. ОХУ, БНХАУ-ын цуглуулагчид санхүүгийн хувьд төр засгаас их дэмжлэг авдаг. Олон улсын цуглуулагчдын ганц хүсэн хүлээж, хайж байдаг марк бол миний цуглуулгын гурав дахь сэдэв болсон Хаант Оросын Монгол дахь шуудангийн салбар, Манж чин гүрний Монгол дахь шуудангийн салбарын марк. Тухайн үеийн шуудангийн марк маш ховор, олдоц муутай байдаг.

-Техник технологи өндөр хөгжиж буй орчин цагт маркийн хэрэглээ улам бүр багасч байна. Хүмүүс цаг хугацаагаа хэмнэж, утсаар, интернетээр хоорондоо харилцахыг илүүд үздэг болсон.

-Дэлхийн технологийн дэвшил дунд хүмүүс чатаар, мессежээр харилцаж, маркийн хэрэглээ тун багассан. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө марк хийсэн, тусгаар тогтносон улсуудын нэг нь Монгол Улс. Тийм учраас Монголын шуудангийн түүх дэлхийн олон орны марк цуглуулагчдын сонирхлыг татаж байна.

Сүүлийн жилүүдэд эрдэнийн чулуу суулгасан марк, хуулж авдаг стикер марк зэрэг хэвлэлийн технологийн хөгжлийг дагаад маркийн хэвлэлт асар өндөр хөгжсөн байна.  Дэлхий дахинд өндөр хөгжилтэй улс оронд энэ соёлыг хадгалж үлдээхийн тулд асар олон бүтээлч арга хэмжээг зохион байгуулдаг. Одоо цагт хүмүүс чат, мессежээр харилцахад ирээдүйд дурсгалтай баримт нэг ч үлдэхгүй. Гэтэл марк наасан захиа, баримт түүх болж үлддэг. Тиймээс гадаадын улс орнууд маркийн соёлыг түгээж, сурталчлахын тулд жилд хоёр удаа зохион байгуулж байна.

-Та өнгөрсөн жил Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан. Монголд танаас өөр энэ цолыг хүртсэн цуглуулагч бий юу?

-Байхгүй ээ. Би 2016 оны аравдугаар сарын сүүлчээр Израйль улсад болсон дөрвөн жилд нэг удаа болдог маркийн олимп гэгддэг Аваргуудын дэлхийн үзэсгэлэнд гурав дахь удаагаа оролцож, алтан медаль авсан. Өмнө нь 2008 онд Израйльд оролцож, алтажсан мөнгөн медаль авсан бол 2012 онд Индонезийн Жакарта хотод болсон маркийн олимпиос том алтажсан мөнгөн медаль авч байсан. Миний энэ хөдөлмөрийг үнэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг эрхэм цолыг анхлан цуглуулагч хүнд олгосон байгаа.

-Тантай утсаар холбогдоход ирэх 10 дугаар сард Бразиль улс руу үзэсгэлэнд оролцоно гэж байсан. Бразиль улсад болох үзэсгэлэнгийн талаар сонирхуулаач?

-Би 2007 оноос эхлэн дэлхийн болон Азийн үзэсгэлэнд оролцож байгаа. Ирэх 10 дугаар сард Бразиль улсад Дэлхийн маркийн тусгай үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Манай улсаас таван цуглуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр цуглуулгаа аваад оролцохоор төлөвлөж байна. Би үндсэндээ Монгол шуудангийн түүх сэдвээрээ үзэсгэлэнгүүдэд оролцдог. Жил ирэх тутам өөрийн цуглуулгаа сайжруулж, Олон улсын стандартад нийцүүлэх үүднээс шинэчилж байж дэлхийн үзэсгэлэнд оролцдог.

 

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж