Япон улсын Парламентын 70 жилийн ойг тохиолдуулан Парламентын дээд танхимаас зохион байгуулсан” Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол” сэдэвтэй 4000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд нийт 1874 ахлах ангийн сурагчид оролцсоноос УБ хотын Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзлэн, Японы Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичигийн урилгаар Япон улсыг зорин тэргүүн байрын шагналаа гардан аваад эх орондоо иржээ.
Шинэ Монгол ахлах сургуулын сурагч Б.Хангай нь өмнө 2016 онд Япон-Монголын төвөөс зохион байгуулсан ханзны баярт 500 онооноос 500 оноо авч түрүүлсэн. Мөн энэ онд Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой байгаа бөгөөд энэхүү ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон Япон хэлний олимпиадын N1-N2 буюу дээд ангилалд түрүүлж байсан сурагч юм.
Японы Парламент- Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд шинэ парламент дээд, доод хоёр танхимтайгаар байгуулагдаж байжээ. Тус улсын Парламентын дээд танхим нь 242 гишүүнтэй доод танхимыг хянах үүрэгтэй, доод танхим нь 475 гишүүнтэй, хууль батлах, гүйцэтгэх засаглалыг томилох, удирдах, хянах үүрэгтэй байдаг ажээ. Цаг хугацааны хувьд түүчээлэн үзвэл Японы парламентын 60 жилийн ойгоор буюу 2007 онд анхны зохион бичлэгийн уралдаан зарлаж байв. Харин энэ жилийнх хоёр дахь нь бөгөөд нийт 7074 ахлах, дунд ангийн сурагч оролцжээ. Ахлах ангийн сурагчдын ангилалд 400 ханз, үсэгтэй 10 хуудас буюу 4000 ханз үсгээс бүрдсэн эссэ бичих ёстой бөгөөд 1874 ахлах ангийн сурагч оролцсон юм. Харин дунд ангийн сурагчдын ангилалд 400 ханз, үсэгтэй таван хуудас эссэ бичихийг даалгажээ. Дунд ангийнхны уралдаанд 5200 сурагч оролцсон байна.
А.АМАР