Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр түр хороо байгуулсан билээ. Түр хороо наймдугаар сарын 10-нд байгуулагдсан бөгөөд 30 мянган багш нэгдсэн гэж мэдэгдсэн. Тэд есдүгээр сарын 1-нээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. Уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24 хүртэл хүлээх бөгөөд биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлах аж.
Энэ асуудлаар Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий менежер, Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш Н.Мөнхтуяагаас дараах тодруулгыг авлаа.
-Багш нарын түр хороо хэзээ байгуулагдсан бэ. Засгийн газар шаардлага биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд 30 гаруй мянган багш нэгдсэн. Энэхүү түр хорооны салбар нэгжүүд сургууль, цэцэрлэг дээр байгуулагдаж байна. Орон нутагт ч мөн адил. Одоогоор багш нар хамгийн багадаа 545 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнийг гурав дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл 1,6 сая төгрөгийн цалин олгох ёстой. Засгийн газар шаардлага биелүүлэхгүй бол бид шат шатны арга хэмжээг авна. Бүр болохгүй бол есдүгээр сарын 1-нд ажил хаялт зарлахад бэлэн байна.
-Улс орны эдийн засаг хүнд байна. Цалинг одоогоор нэмэхгүй гэвэл та бүхэн хүлээж авах уу?
-Улс орны эдийн засаг бидэнд ямар ч хамаагүй. Сонгогдсон хүмүүс ажлаа хий. Чадахгүй бол огцрох хэрэгтэй. Багш нар бага цалин аваад хүлцэнгүй явж байна. Гэтэл дээд хүмүүс байгалийн баялаг ухаад баяжиж байна. Одоогоор багшийн цалинг улстөржүүлээгүй байгаа. Бүр болохгүй бол улстөржүүлнэ.
-Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Гэтэл багш нар ажлаа хийх эсэх нь эргэлзээтэй болчихоор хүүхдүүдэд хүндээр тусч мэдэх юм. Энэ талаас нь та бүхэн бодолцож үзсэн үү?
-Бид шавь нараа, эх орноо бодоод өчнөөн жил тэвчиж ажилласан. Одоо бүсээ чангалах тэнхэл алга. Багш нарын гол нь тасарлаа. Монголын багш нар 500 мянган төгрөгийн зээл өгөөд, үлдсэн 200 мянган төгрөгөөр амь зууж байна. Бид өөрсдийнхөө төлөө эвлэлдэн нийлж, тэмцэхээс өөр алга. Эдийн засгийн хямрал бидэнд хамаагүй. Хийж, бүтээж чадна гэж гарсан Засгийн газар чадах ёстой. Баахан амлалт өгч сонгогдчихоод өнөөдөр биднийг элгээр нь хэвтүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн захирал 27 сая төгрөгийн цалин авч байна. Тэгэхэд бид 200,300-хан ам.долларын цалин аваад сууж байна. Багш нарыг шантаажилж, “эдийн засаг хямралтай байна, хүүхдүүдээ бод” гэж хэлэх эрх Засгийн газарт байхгүй. Бид цалин нэмтэл тэмцэнэ.
-Таны ажлын байрны нөхцөл байдал ямар байдаг вэ?
-Багш нарын ажиллах нөхцөл хүнд. Хүүхдүүдийн чимээ, шуугиан, шохой гэх мэт ажлын нөхцөл байдал хүнд. Байнга зогсож хичээл ордог. Үүнээс болоод хөл өвдөх, чих дүлийрэх, хоолой сөөх гэх мэт эрүүл мэндээрээ хохирдог. Бичиг цаас харсаар байгаад хараа муудна. Багш нарыг хүнд, хортой нөхцөлд ангилж болно. Энэ бүхнийг тэвчиж олон жил явсан. Одоо бол цалингаа нэмтэл тэмцэнэ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ