"Хятадын соёлын наадам-2017" амжилттай боллоо | News.MN

"Хятадын соёлын наадам-2017" амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

"Хятадын соёлын наадам-2017" амжилттай боллоо

"Хятадын соёлын наадам-2017" амжилттай боллоо

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Архангай аймгийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, БНХАУ-ын Хайнань мужийн Соёл, радио телевиз, ном хэвлэл, спортын тэнхимээс хамтарч зохион байгуулсан “Хятадын соёлын наадам-2017” арга хэмжээ 8-р сарын 11-13-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй, БНХАУ-ын Хайнань мужийн Соёл, радио телевиз, ном хэвлэл, спортын тэнхимийн орлогч дарга хатагтай Нин Хун-вэнь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын асуудал хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Хүчирхэг, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн мэргэжилтэн Дэбө, Архангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Батдорж, Архангай аймгийн засаг даргын орлогч хатагтай Б.Болормаа, Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, Архангай аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга С.Баатар, Синьхуа агентлаг, ХОУР, МУ-ын Star TV зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид энэхүү арга хэмжээнд оролцсон юм.

/ярилцлага: БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй/

-Архангай аймагт 2 дахь удаагын соёлын арга хэмжээгээ зохион байгуулж байна. Соёлын үйл ажиллагаагаар дамжуулж Монголын ард түмэнд Хятадын соёлыг танилцуулж хоёр орны нөхөрсөг харилцаанд нэмэр болохыг хүссэн байна. Өмнөх удаагын соёлын баярт Хятад Монгол хоёр талын 200 гаран уран бүтээлчид оролцсон байна. Энэ жилийн хувьд Хайнань гэж манай өмнөд муж байдаг. Тэрхүү өвөрмөц онцлогтой соёл урлагыг Монголын Архангай аймгийн ард иргэдэд танилцуулахаар авчирсан. Мөн соёлын биет бус өвийн үзэсгэлэн, Агару зандан мод гэх мэт өвөрмөц үзэсгэлэн зэрэг сонирхолтой хөтөлбөр байна. Мөн соёлын арга хэмжээгээр Монголын уран бүтээлчдийн урлагын тоглолт, гайхамшгийг Хайнаны уран бүтээлчидэд үзүүлэх таниулах зорилготой. Мөн Монголын ард түмэн Хятадын ард түмний хоорондын ойлголцоог гүнзгийрүүлэхэд чухал ач тустай юм.

Асуулт: Архангай аймагт яагаад соёлын наадам хийх болсон бэ? давуу тал нь юу вэ? 

Бид нийслэл хотоос бусад газар байгаа ард түмэнд Хятадын соёлыг танилцуулахаар зорьсон юм. Мөн Архангай аймагтай олон жилийн нөхөрсөг харилцаатай хамтарч ажилладаг байсан. Тиймээс энэ жил ахин энд зохион байгуулж байна. Монголын бусад аймагт энэхүү үйл ажиллагаа Хятадын соёлын үйл ажиллагаа сонирхолтой байх болов уу гэж би итгэж байна. Тиймээс бид энэ талаар судлаж хичээж ажиллана. Мөн Монголын урлагын хүмүүс Хятад улсад очиж ийм үйл ажиллагаанд оролцон хамтарч ажиллахыг урьж байна.

Архангай аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү үйл ажиллагаа нь энэ жил илүү өргөн хүрээг хамарсан, сонирхолтой үйл явдал, хөтөлбөрөөр дүүрэн болж өнгөрсөн юм. Тус үйл ажиллагаа 3 өдөр зохион байгуулагдсан бөгөөд биет бус соёлын өв, ном бүтээлийн үзэсгэлэн, урлаг соёлын тоглолт болсон юм. Уг арга хэмжээнд Монгол, Хятадын уран бүтээлчид оролцож өөрсдийн үндэсний дуу, бүжиг, соёлын гайхамшигаа танилцуулсан.

Мөн Монгол улсын төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит байлдааны гавъяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хамт олон тус арга хэмжээнд оролцож үндэсний дуу бүжиг, уран бүтээлүүдээ өргөн барьсан. Хөтөлбөрийн гол онцлог нь БНХАУ-ын Хайнан мужийн Баотин ли үндэсний болон Миао үндэсний өөртөө засах сумын үндэсний дуу бүжгийн чуулгын хамт олны тоглолтууд байсан юм.

Мөн урилгаар ӨМӨЗО-ны ахмад уран бүтээлчид, БНХАУ-ын Тяньжинь хотын Хуо Юань Жиагийн нэрэмжит Ушугийн сургуулийн хамт олон, Монголын рок попын ‘Соёл-эрдэнэ’, ‘Өргөө’, ‘Хөх тэнгэр’ зэрэг хамтлагын төлөөлөл, дуучид оролцсон.

Соёлын наадмын хүрээнд болсон өөр нэг сонирхолтой үйл ажиллагаа бол дэлхийд цөөхөн байдаг Агаруу Зандан модон урлагийн үзэсгэлэн юм. Агаруу зандан мод нь Хайнан мужийн нэгэн хэсэгт ургадаг бөгөөд анхилам үнэрт хүж, модон урлал, бэлэг дурсгал болгодгоороо алдартай. Мөн Хятадын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн болж Архангай аймгийн номын санд ном хэвлэл, уран бичлэгийн дээжээсээ өргөн барьсан.

Тус арга хэмжээний хоёр дахь өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд зохион байгуулагдсан. Арга хэмжээг үзэж сонирхохоор нутгийн иргэд ирсэн юм. Өндөр-Улаан суманд БНХАУ-ын Хайнан мужийн урлаг жүжгийн хүрээлэнгийн хамт олон үндэсний гар урлалын үзэсгэлэнгээ гаргаж, нэхмэл хийх, шавар ваар хийх уламжлалт аргуудаа үзүүлсэн. Мөн урлагын тоглолтоо тус сумын иргэдэд сонирхуулсан бол хүүхэд багачууд БНХАУ-ын Тяньжинь хотын Хуо Юань Жиагийн нэрэмжит Ушугийн сургуулийн хамт олны тоглолтыг сонирхож байлаа.

Архангай аймгийн Хашаат суманд ‘Хятадын соёлын наадам 2017’ үйл ажиллагаанд зориулсан бэсрэг наадам зохион байгуулагдсанаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн. Монгол наадмын сонин хачин, бөх барилдах, морь уралдахыг нүдээр харж, Монгол хоол болох хорхог зооглосноор БНХАУ-ын Хайнан муж, Тяньжинь хотын уран бүтээлчид нутаг буцах замдаа гарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж