Дуучин Б.Батбаатар тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Батбаатар тэргүүлэв

Нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Монгол сайхан орон” мэргэжлийн дуу дуулаачдын гуравдугаар уралдааныг энэ сарын 17, 18, 19-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт амжилттай зохион байгууллаа. Тус уралдааны шилдгүүд өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гала тоглолтоо хийсэн. Г.Дарамзагд агсны нэрэмжит “Монгол сайхан орон” мэргэжлийн дуулаачдын улсын гуравдугаар уралдаанд Бүх цэргийн дуу, бичгийн чуулгын дуучин Б.Батбаатар тэргүүлсэн бол хоёрдугаар байрт Оросын холбооны Буриад улсын гавьяат жүжигчин Б.Цэцэгмаа, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Долгормаа, гуравдугаар байрт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ч.Чинзориг, Өмнөговийн Хөгжимт драмын театрын дуучин н.Цэрэн-Очир нар шалгарав. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нийт 30 гаруй дуучид өрсөлдсөн байна. Харин төгсөлийн шатанд 16 дуучин тунаж үлдэж, Ардын жүжигчин, хөгжимийн зохиолч П.Хаянхярваагаар ахлуулсан Ардын жүжигчин Х.Уртнасан, Буриадын соёлын гавьяат ажилтан, соёлын тэргүүний ажилтан Д.Сэндэр болон Г.Дарамзагд агсны охин Д.Оюун, Монголын үнэдсний радиогийн хөгжмийн тоймч Ч.Буянхишиг, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг дуучдыг шүүжээ.
 
Энэ үеэр тус уралдааны тэргүүн байрын шагналт БЦДБЧ-ын дуучин Б.Батбаатартай уулзлаа.

-Танд баяр хүргэе, та энэ уралдаанд өмнө нь оролцож байв уу?

-Баярлалаа, би өмнө нь энэ уралдаанд оролцож байгаагүй. Миний хувьд анхны уралдаан байлаа. Г.Дарамзагд агсны уран бүтээл бол манай Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай холбоотой байдаг. Энэ хүний уран бүтээлээр манай цэргийн найрал дуу, дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуу уран бүтээлээр нь амьсгалж, цааш нь бүтээн туурвиж ард түмэнд хүргэж байна. Миний энэ уралдаанд оролцох болсон шалтгаан гэвэл би өөрөө Сэлэнгэ аймгийн хүн. Манай нутгийн “Өргөн Сэлэнгэ” гээд сүлд дууг Г.Дарамзагд агсан зохиосон. Энэ хүний дууг дуулах юмсан гэсэн хүсэл их байсан учир энэ уралдаанд орлоо. Энэ тэмцээнд оролцсоноор их олон дууг сурч мэдэж авлаа.

-Та уралдаанд ямар, ямар дуугаар өрсөлдөв?

-Нэгдүгээр шатанд “Өргөн Сэлэнгэ”, “Миний эх орны өглөө” дууг дуулсан. Хоёрдугаар шатанд “Монголын сайхан орон”, “Бид нэг орчлонгийн хүмүүс” гэж дууг дуулсан. Энэ дууг би их олон жил дуулах юмсан гэсж мөрөөдөж явлаа. Яагаад вэ гэхээр оюутан байх хугацаандаа би пянз сонсдог байсан юм. Тэр үед нэг их гоё цэргийн марш ч юм шиг их сайхан дууг сонссон. Тэр дууг Монгол Улсын ардын жүжигчин Хавлааш гэж хүн дуулсан байсан. Тэгээд л энэ ямар гоё дуу вэ, би энэ дууг дуулах юмсан гэсэн мөрөөдөлтэй болсон. Сая хоёрдугаар шатанд энэ дуугаа дуулсан. Сэтгэл маш их өндөр байна.

-Өрсөлдөгчид хэр чанга байв?

-Өрсөлдөгчид чанга байсан. Надаас илүү бэлтгэлтэй дуучид байсан. Манай чуулга сая Дархан их урлаг хөтөлбөрийн хүрээнд Дарханд очиж тоглолт хийсэн. Дарханаас ирээд л энэ уралдаандаа орсондоо. Тиймээс бараг бэлтгэлгүй уралдаандаа орлоо. 

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бол?

-Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ч.Чинзориг ах маань байлаа. Бид хоёр л их өрсөлдлөө дөө.

-Та ер нь хэдэн жил дуулж байгаа вэ?

-Би оюутан байх цагаасаа эхлэн дуулж эхэлсэн. 2000 онд Хилийн цэрэгт дуучнаар ороод 2003 онд сургуулиа төгсөөд, 2003-2004 онд Хилийн цэрэгт ажиллаж байгаад хойшоо Улаан-Үдэд урлагийн сургуульд сурсан. Одоо бараг 11 жил дуулж байна.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж