БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 03-13-ны өдрүүдэд Олон улсын балетын IV тэмцээн болж, Монголоо төлөөлөн ОХУ-ын Пермь хотын балетын академийн төгсөх ангийн оюутан Ө.Мөнхжин, Р.Булган нар амжилттай оролцоод ирлээ. Хоёр бүжигчин маань эхний шатанд бичлэгээ явуулж, тэмцээнд оролцох эрхээ авсан бол хоёрдугаар шатанд тайзнаа А.Аданы ‘Корсар’ бүжгэн жүжгийн Па-де-де, гуравдугаар шатандаа мөн А.Аданы ‘Жизель’ бүжгэн жүжгийн Па-де-де бүжиглэж, мэргэжлийн үзүүлэлт, гүйцэтгэлийн техник, хослон бүжиглэх ур чадвар зэргээр шүүгчдийн анхаарал татсанаас эрэгтэй бүжигчин Ө.Мөнхжин уг тэмцээний NCPA SPECIAL AWARD шагналыг хүртлээ. Уг шагналыг дараа жил ХБНГУ-ын Берлин хот, БНХАУ-ын Шанхай хотноо болох олон улсын тэмцээний урилга дагалдаж буй юм. Тэдний дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллажээ.
Ази тивдээ сүүлийн үед Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд тэргүүлэн олон улсын балетын тэмцээнийг олноор зохион байгуулах болж, манай бүжигчид тэдгээрт удаа дараалан өндөр амжилт гаргах болсон. Энэ төрлийн тэмцээн нь залуу бүжигчдэд харилцан туршлага судлах, суралцах, хөгжих бололцоог олгодгоороо үр дүнтэй, өгөөжтэй гэж үздэг. Түүнчлэн Монголын балетчид олон улсад, тэр дундаа Азидаа мэргэжлийн чадвараар үнэлэгдэхэд тодорхой хэмжээнд нөлөөтэй юм.
Дашрамд дурдахад, манай бүжигчид мэргэжлийн тэмцээнд амжилттай оролцох болсны зэрэгцээ Монголын балетын дунд үеийн төлөөлөл, АНУ-д багшаар ажиллаж буй У.Бат-Эрдэнэ өнгөрсөн жил олон улсын шүүгчийн эрх аваад байгаа юм. Аливаа тэмцээнд оролцогчид, өрсөлдөгчид сайн байхаас гадна шүүгч чухал үүрэгтэй байдаг аж. Учир нь шүүгч нэг талаар өөрийн орны бүжигчдийн сурталчилгаа, балетын хөгжлийн түвшний илэрхийлэл болж өгдөг байна. Өнгөрсөн хугацаанд У.Бат-Эрдэнэ нь БНСУ болон Хонконгт болсон олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан бөгөөд эдгээр тэмцээнээс манай бүжигчид тус бүрээс шагнал авч байсан юм.