Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг орон даяар явагдаж байна. Аймаг, орон нутаг, дүүрэг, хороо бүрт зохион байгуулагдаж байгаа хэлэлцүүлгээс Хан-Уул дүүргийг онцолж байна. Тус дүүргийн гуравдугаар хорооны иргэд өнөөдөр /2017.08.17/ хэлэлцүүлэгт оролцож байгаа юм.
Хан-Уул дүүргийн удирдлагууд өчигдрөөс /2017.08.16/ эхлэн хэлэлцүүлэг явуулж эхэлжээ. Оролцсон иргэд шүүгчийн насыг 35-аас дээш болгох, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох, цэнзур тавьж өгөхийг хүссэн байна. Мөн Ерөнхийлөгч гэдэг албан тушаал зөвхөн шагнал гардуулах үүрэгтэй хүн шиг харагдаж байгааг шүүмжилжээ. Зарим иргэд “Монгол Улс парламентын засаглалтай учраас Ерөнхийлөгч байх шаардлагагүй” гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна. Үүнээс гадна байгалийн баялгаа хэрхэн ашиглах талаар Үндсэн хуульд тусгах саналууд гарч байгааг зохион байгуулагчид тодотгов.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн ярихдаа “Иргэд эрх мэдлийн давхардлыг арилгахыг хүсэж байна. Хууль тогтоодог байгууллага нь хуулиа тогтоож, Ерөнхийлөгч нь эв нэгдлийн бэлэг тэмдэг байж, Засгийн газар нь өөрийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг тодорхой болгож өгөөч гэж хүссэн. Одоо бол албан тушаалтнууд хоорондоо үл ойлголцоод байна гэдгийг шүүмжилсэн. Мөн сонгогдсон болон томилогдсон төрийн албан хаагч хариуцлагаа хүлээдэг байхыг Үндсэн хуульд тусгаж өгөх санал гарсан. Мөн сонгууль бүрийн цаана ард түмний эв нэгдлийн асуудал хөндөгдөж байгааг тодотгосон” гэв.
Ингээд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Л.Хэнч-Яахав байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Миний санал бол сонгогдсон албан тушаалтан улс төрийн намаас үл хамаарч ард түмнийхээ төлөө ажиллах заалт оруулаасай гэж боддог. Одоо бол намын нэрээр гарч ирчхээд үймүүлдэг, хутгадаг. Төлөвшөөгүй, боловсроогүй хүн дэвшиж, гарч ирж байгаа нь таагүй санагддаг. Хоёрдугаарт, орон нутгийн хүн амын тоог харгалзмаар байна. Зарим нутагт хүч хүрэхгүй, зарим газар бөөгнөрсөн хүн ам байна. Гуравдугаарт, шүүгчийн насыг ахиулмаар байна. Төлөвшиж чадаагүй шүүгчид ял оноож байна. Дөрөвдүгээрт, улс төрийн олон намыг хуульчлах хэрэгтэй. Гурван хүн нийлээд нам байгуулчхаад үймүүлээд, улс орныг “самраад” байна. Тавдугаарт, Ерөнхий сайдыг УИХ-аас батлаад, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлээд, гишүүдтэйгээ хариуцлага тооцдог байвал үр дүнтэй” гэв.
Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэд Д.Даваацэрэн “Бидэнд тарааж өгсөн саналын хуудас дээр “Ерөнхийлөгчийн хууль санаачлах, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хасахыг дэмжих үү” гэж асуусан байна. Би хувьдаа үүнийг дэмжиж байна. Ерөнхийлөгч гэдэг албан тушаал ер нь Монгол улсад хэрэгтэй юм уу гэж эргэлздэг. Миний харж байгаагаар Тэнд Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн засаглал байгуулаад, энэ Ардын намынхан парламентын засаглал байгуулчихсан байна. Энэ хоёр хоорондоо ойлголцохгүй байх шиг. Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг УИХ-аар батлаад, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд огцорвол багийн гишүүд нь дагаад буудаг байхыг дэмжиж байна. Гуравдугаарт, Төрийн албаны тогтвортой байдал алдагдаад 20 гаруй жил болж байна. Зарим нэг төрийн албан хаагч бохь зажлаад, фээсбүүк үзээд сууж байдаг. Төрийн албан хаагчид тавигдах шаардлагыг өндөржүүлж, тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Төрийн албан хаагч бол ард түмэнд үйлчлэх ёстой. Гэтэл бид тэднийг ажлаа хийгээч гэж гуйдаг. Ажилдаа дадлага, туршлагатай болсон төрийн албан хаагч нараа тогтвортой ажиллуулмаар байна. Дөрөвдүгээрт, шүүгчийн насыг 30-ээс дээш гэж байгаа нь залуудаж байна. Ер нь 35-аас дээш байвал зүгээр. Тавдугаарт, сонгууль болгонд ард түмэн хуваагдаж байна. Тиймээс ядаж сум, хорооны Засаг даргаа дээрээс томилдог байх нь зөв. Харин тавигдах шаардлагаа чанд хатуу барьдаг байх шаардлагатай. Эцэст нь энэ олон улс төрийн намаа цэгцлэх хэрэгтэй” гэв.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах олон янзын хувилбар байсан ч, зөвхөн цаасан дээр үлдсэн. Харин энэ удаад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуулийн 30 орчим заалтыг өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулж, ард иргэдээс санал асууж байна. Санал асуулга есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Иргэдийн саналыг аймаг, дүүргийн засаг дарга нар УИХ-д хүргүүлэх билээ.
Ингээд иргэдээс авсан саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нараар ахлуулсан ажлын хэсэг нэгтгэж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгаад УИХ-д өргөн барих аж.
Төслийг УИХ-аар хэлэлцсэний дараа Ард нийтийн санал асуулгаар баталгаажуулах аж. Ингээд баталгаажсаны дараа 2020 оны долдугаар сарын 1, эсвэл 2021 оны долдугаар сарын 1 гэсэн хоёр хугацааны аль нэгийг сонгож хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Холбоотой мэдээ