-Г.Доржзодовтой хийсэн уулзалтад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар байсан-
МАН-ын гишүүн А.Ганбаатар өнөөдөр /2017.08.17/ нийгэмд дуулиан тариад удаж буй 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар анх удаа мэдээлэл өглөө. Тэрбээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг эвлүүлэг гэв.
А.Ганбаатар:
-Би МАН-ын гишүүн. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн зөвлөхөөр ажиллаж байна. Жил гаруй хугацаанд АТГ, цагдаа гээд хууль хяналтын байгууллагаар шалгууллаа. Энэ хугацаанд яагаад хэвлэлд хандаагүй, энэ талаар тайлбар хэлээгүй гэхээр хуулийн байгууллагаас хэргийг шалгаж байхад ямар нэг байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж болохгүй гэдгийг сануулсан. Нөгөө талаар иргэн хүний хувьд энэ асуудалд хандаж ирсэн. Иргэн Г.Доржзодов бол өөрийнхөө хийсэн стратеги, санхүүгийн схем төлөвлөгөөгөө бидэнд санал болгож байсан. Бид ч энэ төлөвлөгөөтэй нь танилцаж байсан. Миний өөрийн компанийн “Шинэ Монгол хаад” группын дөрвөн давхрын өрөөнд уулзалт болсон. Энэ уулзалтаар Нийслэлийн МАН-ын төлөвлөгөөг Г.Доржзодовын төлөвлөгөөтэй хамтатган ярилцсан нь үнэн. Энэ уулзалтад байсан хүмүүсийнх нь яриа байхгүй. Харин уулзалтад байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэгтээ оруулсан. Энэ танилцуулга уулзалтад нийслэлийн МАН-ын 2016 оны сонгуульд хэрхэн бэлтгэх, үйл ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийт рүү хандсан үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцаж байхад иргэн Г.Доржзодов өөрийн гаргасан санхүүгийн схемээ танилцуулсан. Тэрхүү уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Доржзодов болон миний бие байсан. Энэ уулзалтад 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал огт гараагүй гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар яагаад ярихгүй байгаа нь сонин байна. Гэтэл иргэн Г.Доржзодов өөрийнхөө хийсэн зүйлийг биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна. Бид олон ч хүнтэй уулзалт хийж, тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Тэр уулзалтуудын бичлэгүүдээ эвлүүлж, тарааж байна. Иргэн Г.Доржзодов манай компанид ажилд орохдоо өгсөн анкет нь ч надад байна. Энэ уулзалтаас 10 хоногийн дараа иргэн Г.Доржзодов бүр нарийвчилсан төлөвлөгөө танилцуулсан. Энэ үед тоглоом болгоод ярьсан зүйл бий. Тухайн өдөр Г.Доржзодов бид хоёр хоёулахнаа уулзсан. Тухайн өдөр хоёулахнаа байхдаа ярьсан яриаг дунд нь эвлүүлж оруулсан байсан.
Хэрэв иргэн Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч гэсэн буруудах ёстой байх. Энэ хүмүүс намынх нь нэр хүндэд халдсан худал мэдээлэл гарч байхад яагаад дуугарахгүй байна вэ гэдгийг их гайхаж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий. Гэхдээ хуулийн байгууллагаар шалгаж байгаа учраас зарим асуудлыг ярих боломжгүй. Хуулийн байгууллага шалгаж, хэн нь үнэн ярьсан, хэн нь үйлдэл хийснийг тогтоосны дараа би тодорхой баримт материалуудыг олон нийтэд дэлгэнэ.
А.Ганбаатарын өмгөөлөгч Ц.Энхтайван:
-2016.08.02-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас тогтоол гаргасан. Энэ тогтоол нь АН-ын дарга асан З.Энхболд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъяан нараас гаргасан МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний зөвлөх А.Ганбаатар нарын хоорондоо ярьсан төрийн албыг үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай, сонгуульд хэрхэн мөнгө олж болох, төрийн албыг ашиг болгон үнэлэх, албан тушаал наймаалцах талаар хоорондоо ярилцаж буй бичлэгийг 2016.06.24-ний өдөр олон нийтийн цахим хэрэгслээр тараасан. Энэхүү бичлэгээр ил болгосон үйл явдал нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн гомдол гаргасан байдаг. Энэхүү гомдлыг дагуу шалгаж үзээд, энэ бол эвлүүлэг гэдгийг нь тогтоож, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хууль хяналтын байгууллага шалгаж, эвлүүлэг гэдгийг нь тогтоосон байхад иргэн А.Ганбаатарын нэр хүндэд халдсан гэж үзэж, Хан-УУл дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу 2017 оны зургадугаар сарын 2-ний өдөр шийдвэр гаргаж, “Эх сурвалж нь тодорхойгүй эвлүүлэг хийсэн материалаар олон нийтийн мэдээллийг хэрэгслээр тарааж, А.Ганбаатарын нэр хүндэд халдсан байна” гэсэн шийдвэр гаргасан юм. Нэгэнт бид иргэний хэрэг гэж үзэж тодорхой хуулийн байгууллагаар шийдвэрлүүлсэн учраас асуудлыг орхисон. Гэтэл үүний дараа 90 минутын бичлэг, 40 минутын бичлэг зэрэг асуудлыг дахин гаргаж ирсэн. Цаашид 90, 40 минутын бичлэгийн асуудал дээр хуулийн байгууллага шалгасны дараа тодорхой асуудлуудыг гаргана. Бид хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг улстөржүүлэхгүй гэж ирсэн. Цаашид ч энэ бичлэгүүдтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгасны дараа тодорхой мэдээлэл өгнө.
-Таныг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэсэн үнэн үү?
-Би цагдаа байгаагүй. Би 20 гаруй жил бизнес хийж ирсэн бизнесмэн.
-Та эвлүүлэг гэж байна. Эвлүүлэг гэдгийг нотлох баримт танд бий юу?
-Миний энд тэнд ярьсан, Г.Доржзодовтой л ярьсан яриануудыг эвлүүлсэн. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр энэ бүхнийг эвлүүлэг гэдгийг хэлж байна. Мөн хуулийн байгууллага эвлүүлэг гэдгийг тогтоосон. Иргэн Г.Доржзодов манай байгууллагад ажиллаж байх хугацаанд олон хүмүүстэй уулзаж, ярилцаж байсан зүйлүүд бий. Энэ бүхний бичлэгийг аваад эвлүүлэг хийж байна. Нөгөө талаар ямар ч хэлбэрээр миний дуу хоолойг дуурайх боломжтой.
-У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг тухайн уулзалт байсан гэдгийг нотлох баримт бий юу танд?
-Надад нотлох баримт бий. Зөвхөн гэрэл зургийг нь харуулна. “Шинэ хаадын өргөө” группын дөрвөн давхрын өрөөнд бид бүхэн уулзсан гэрэл зураг нь бий. Одоо хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас өөр бусад нотлох баримтуудыг дэлгэх боломжтой. Хуулийн байгууллагаар шалгасны дараа тодорхой мэдээллийг олон нийтэд өгнө.
Холбоотой мэдээ