“Парис-2017” ДАШТ-д хүч үзэх ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодров. Эрэгтэй чөлөөт бөхөөр тэргүүлэгч гүрэн Оросууд энэ жилийн улсын аваргуудаа Парист илгээхээр болжээ. ОХУ-ын шигшээ багт Дагестаны дөрөв, Хойд Осетийн гурав, Красноярскын нэг хүчтэн ДАШТ-д зодоглоно. Тодруулбал, 57 кг-ын жинд Заур Угуев, 61 кг-д Гажимурад Рашидов, 65 кг-д Алан Гогаев, 70 кг-д Магомедхабиб Кадимагомедов, 74 кг-д Хетиг Цаболов, 86 кг-д Владислав Валиев, 97 кг-д Абдулрашид Садулаев, 125 кг-д Анзор Хизриев нар Францыг нийслэлийг зорихоор болжээ. Эднээс “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Садулаев, 2014 оны Ташкентийн дэлхийн аварга Цаболов нар гурав, ДАШТ-ий мөнгөн медальт Алан Гогаев хоёр дахь удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөх бол үлдсэн нь анх удаа оролцоно. “Ах нар” 86 кг-ын жинд гурван тамирчнаас нэгийг нь сонгоход толгойгоо нэлээд гашилгасан биз. Сүүлийн хоёр жилийн Европын аварга Даурен Куруглиев, Шамиль Кудиямагомедов гэсэн хоёр дагестан залуусыг гэрт нь үлдээж, энэ жилийн Оросын аварга хойд осетийн Владислав Валиевыг сонгожээ. Түүнчлэн 70 кг-д дагестаны Кадимагомедов сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга Магомедрасуль Газимагомедов, Магомед Курбаналиев гэсэн нутгийн залуусаа гол гаргажээ. Сүүлийн гурван жил ялагдал гээчийг мэдрээгүй яваа “Орос танк” Садулаевыг шинэ жиндээ хэрхэн барилдахыг бөхийн хорхойтнууд чих тавин хүлээж суугаа нь тодорхой.
Эх сурвалж: МЧБХ
Холбоотой мэдээ