-Алтны шороон ордын 254 лицензийг хүчингүй болгоод удаагүй байна. Үүнээс болж арилжааны банкуудын үйл ажиллагаа доголдож, бүр хаалгаа барихад тулах вий дээ гэсэн ойлголт олны дунд дэлгэрсэн. Танайд энэ байдал хэр нөлөөлж байна вэ?
-Ямар нэгэн шийдвэрээс болоод банкны үйл ажиллагаа доголдчихдог тийм тогтолцоо гэж байхгүй л дээ. Банк гэдэг өөрөө тодорхой эрсдэл дээр суурилж, үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл учирч болох эрсдлээ тооцож байх ёстой гэсэн үг. Тиймдээ ч эрсдлээс ангид байхыг эрхэмлэх нь банкны бодлогын илэрхийлэл болдог юм. Манай банкны хувьд дээрх лиценз цуцалснаас шалтгаалж учирсан эрсдэл алга. Учир нь бид стратегийн хувьд зах зээлд хэт их төвлөрч байгаа зүйлээс ангид байхыг чухалчилдаг. Тийч учраас уул уурхайн салбарт олгосон зээл манай нийт зээлийн хоёр хувийг л эзэлж байна. Яг лиценз барьцаалаад олгосон зээл гэвэл 4-5 байгаа. Цуцлагдсан 254-д эдгээр лицензүүд ороогүй.
-Лицензийг дангаар авч зээл олгосон тал бий юу?
-Ер нь хүмүүс зээл гэхээр л барьцаа байхад л болох юм шиг ойлгодог. Энэ маш буруу. Зээлийн асуудлыг шийддэг үндсэн хөшүүрэг нь барьцаа биш шүү дээ. Харин зээл олгохын тулд тухайн аж ахуйн нэгж, иргэнд зээлээ эргүүлэн төлөх ирээдүйн бэлэн мөнгөний урсгал хангалттай байна уу гэдгийг л тооцдог зүйл. Тэгэхээр бид ганц биш хэд хэдэн барьцаа хөрөнгө шаардаж, зээл олгодог. Үндсэндээ зөвхөн лицензийг нь аваад мөнгө өгөхгүй гэсэн үг. Олон төрлийн барьцаа хөрөнгө шаардсанаар аль нэг барьцаан дээр асуудал үүсэхэд тухайн зээл эрсдэлд орохгүй байх найдвартай хамгаалалт болно.
-Өнгөрсөн жилийн зуднаар Монгол Улсын нийт мал сүрэг 10 орчим саяд хүрч хоргоджээ. Малчид хүнд байдалд орсноос болж зээлээ төлөх дээр асуудал тулгарсан уу?
-Үгүй. Манай нийт зээлийн таван хувь нь малчдын зээл эзэлдэг. Тэднээс 96.2 хувь нь зээлээ хугацаандаа төлдөг. Үлдсэн 3.8 хувь нь хугацаа хэтэрдэг. Түүнээс биш зуданд малаа алдлаа гээд зээлээ төлөхгүй байх үзэгдэл гараагүй.
-Зээлийн хүү буурах магадлал хэр бол?
-Зээлийн хүү буурах ёстой. Үүний тулд хаа хаанаа анхаарч, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Сүүлийн найман жилийн статистик үзүүлэлтээс харахад зээлийн хүү 2-3 дахин буурсан байгаа юм. Харин хадгаламжийн хүү 20-30 хувь өссөн. Ерөнхийдөө зээлийн хүүд нөлөөлдөг гурван хүчин зүйл байдаг. Тэр нь хадгаламжийн хүү, банкны өөрийнх нь үйл ажиллагааны зардал болон банкны эрсдлийн зардал. Өнгөрсөн найман жилийн хугацаанд үндсэн эх үүсвэрийн зардал болох хадгаламжийн хүү буураагүй. Банкны үйл ажиллагааны зардал нэлээд буурсан. Ингэснээр зээлийн хүү буурах нэг үндэс болсон гэж болно. Эрсдлийн зардлын хувьд айхтар буурсан юмгүй. Цаашид зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэрийн зардал буюу хадгаламжийн хүүг бууруулах ёстой гэж үзэж болно.
Эх сурвалж: