“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар анх 2006 онд Европын холбооны улсуудын иргэний нисэхийн дүрмийн хүрээнд өөрийн агаарын хөлөгт хөнгөн, хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажил хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ОХУ, Турк, Тайланд, БНСУ болон дотоодын иргэний агаарын тээврийн компаниудын SAAB340, Фоккер-50, ATR-72, Бойнг 737, Бойнг 767 зэрэг агаарын хөлгүүд болон түүний эд ангид хүнд хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ үзүүлж байна.
2017 оны эхний хагас жилийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь БНСУ –ын “EastarJet”, “T’Way” “Jeju Air” компаниудын В737NG маягийн 11 агаарын хөлөг, “ОХУ -ын “UT Air” компанийн 1, мөн тус улсын “Alrosa” компанийн 1 агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажлуудыг гүйцэтгээд байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрээр “АН-2-ыг шинэчилж, ОХУ-тай хамтран ТВС-2МС агаарын хөлгийг угсарснаар хөдөө аж ахуй, гал түймэртэй тэмцэх, онцгой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах бөгөөд энэ ажлыг ЗТХЯ-аас бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ” хэмээн хэллээ.
Ингэснээр өөрсдийн дотоод нөөц бололцоо, материаллаг баазаа зөв зүйтэй ашигласны үр дүнд орлогоо тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байгаа хэмээн албаныхан мэдээллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Ерөнхий зориулалтын агаарын тээврийг Монгол Улсад хөгжүүлэх” бодлогын хүрээнд ОХУ-д үйлдвэрлэгдсэн АН-2 маягийн агаарын хөлгийн эд анги, хөдөлгүүрийг өөрчилж, шинэчлэхээр ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын инженер, мэргэжилтнүүдтэй хамтран 2 агаарын хөлөгт задаргаа хийж, угсарч эхлээд байна. ТВС-2МС маягийн Ерөнхий зориулалтын агаарын хөлгийг Монголд угсарснаар зардал бага бөгөөд Монгол инженер техникийн ажилтнууд гадны улс орны мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, чадавхижих ач холбогдолтой юм байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Холбоотой мэдээ