Өгөх Монгол томорч авах Хятад гэдийв

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Өгөх Монгол томорч авах Хятад гэдийв

Өгөх Монгол томорч авах Хятад гэдийв

Эдийн засагт ганц гэрэл гэгээ нэмсэн мэдээлэл бол нүүрсний олборлолт, экспорт нэмэгдсэн тухай юм. “Долдугаар сарын 25-ны байдлаар манай улс өссөн дүнгээр 26 сая тонн нүүрс олборлож, 23 сая тонн нүүрс борлуулснаас 19 сая тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104,1 хувь, борлуулалт 73.56 хувь, экспорт 98.89 хувийн үзүүлэлт юм” гэж Ашигт малтмалын газраас мэдээлж байсан саяхан. Нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорт нэмэгдэж байгаатай уялдуулан хил гаалийнхан хилээр орж гарах гарцаа олон болгоод бас удаагүй байгаа.

Гэвч энэ бүх мэдээлэл сар хүрэхгүйн дараа баярласан хэрээний бархиралт болон хувирч байна. Учир нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос Тавантолгойн уурхай хүртэлх замд урт дараалал үүсч, нүүрс тээвэрлэгчид хэд хоногоор хүлээн зутарч байна. Одоогийн байдлаар нүүрс тээвэрлэгчдийн дараалал 160 км урт үргэлжилсэн гэхээр хэдий хэр хугацаанд хүлээгдэж буй нь тодорхой юм. Тиймээс бид Гашуунсухайт боомт руу холбогдож албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад:

-Уурхайгаас нүүрс тээвэрлэж буй машинууд их хүлээлттэй байгаа нь үнэн. Энэхүү хүлээлт Монголын талаас шалтгаалаагүй. Манай боомтын 12 гарц хэвийн ажиллаж байгаа. 12 гарцын зургаа нь гарах, дөрөв нь ороход зориулсан гарц байдаг. Үлдсэн хоёр гарцыг зөвхөн Оюутолгойд зориулан ажиллуулдаг. Харин БНХАУ-ын талаас тодорхой шалтгааны улмаас Ганц модны боомт бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа. Өдөрт 1500-1600 машин нэвтрүүлдэг байсан бол одоо 500-600 машин л арай гэж амжиж орж, гарч байна.

-Хятадын талаас хэлж буй шалтгаан юу бол?

-Саяхан БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн ой болсон. Мөн ӨМӨЗО-ын 70 жилийн ой наймдугаар сарын эхээр тохиосон зэрэгтэй холбоотойгоор хил гаалийн ажилтнууд бүрэн ажиллахгүй байгаа. Дөрвөн гарцын хоёр нь л ажиллаж байна.

-Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх бол?

-Наймдугаар сарын 20 хүртэл ачаалал буурахгүй байх магадлалтай гэлээ.

Албаны эх сурвалж ийн тайлбарлалаа. Хятадын талаас “Авах хүн гэдийж, өгөх хүн гэдийдэг”-ийн үлгэрт орсон нь дан ганц баяр наадамтай холбоогүй гэж зарим хүмүүс үзэж байна. Улстөрчдийн бодлогогүй үг яриа өмнөд хөршийн засаг төрийн сонорт хүрч, тэд нүүрсний импортоороо ийн бойкотлож байгаа тухай таамаг бий. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өсч байгаа зурвасхан үеийг ашиглан, валютын урсгалыг дотогш чиглүүлэх ховорхон боломж олдож байгааг эдийн засагчид олонтаа сануулсан ч улстөрчдийн хувьд энэ сонин биш бололтой.

Нүүрс тээвэрлэн амьдралаа залгуулж буй 6000 гаруй жолооч, тээвэрчид Гашуунсухайтад бий. Тэдний ажлын нөхцөл, амь нас, эрүүл мэндийг бодсон ч хөршүүдтэйгээ харгалдаж, хавиралдах биш боломжийг ашиглах цаг үе ирчихээд байгаа санагдана. Аргагүйдсэн ядарсан тээвэрчид хил дээр ажил хаяхдаа тулчихаад байхад харъяалсан алба, агентлагийн удирдлагууд нүдэн балай, чихэн дүлий сууна. БНХАУ-тай хэлэлцээр хийж, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, машины шалгах хугацааг багасгахад анхаарахгүй бол хөөрхий хэдэн жолооч нар чинь говьд гүрвэл болох нь. Үгүйдээ л Тавантолгойн уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад дээр буулгах, тэндээсээ хил рүү тээвэрлэх зохицуулалт хийхийг жолооч нар шаардаж байна.

Д.Цээнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж