Спикер М.Энхболд намын даргаа өгөхөөр болсон гэх аль эртнээс цацагдсан албан бус мэдээлэлтэй зэрэгцээд МАН-ын хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо дугаарлаж, алаагүй баавгайн арьсан дээр зодолдож байна.
М.Энхболд өвдөг шороодсон нь Ардчилсан намын сайных биш Ардын намыхны муугийнх байсан юм. Учир нь тэд АН-ыг харлуулах пи-арыг бүтэн жил явуулсан биш МАН-ыг унагаах ажлаа бүтэн жил хийчихсэн хэрэг.
Засгийн эрхийг авсныхаа дараа МАН-ынхан юу хийх вэ, яаж эдийн засгаа сэргээх вэ гэхээс илүү яаж АН-ыг харлуулах вэ гэдэгт л анхаарлаа хандуулсан. Сайн хөтөлбөрүүд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Эрдэнэтийн 49 хувь гээд эдгээр сэдвийн тойрч улс төр хийсэн МАН-ын тоглолт байндаа ч банзандаа ч хүрээгүйг Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн өөрсдөд нь харуулсан. Тэр тусмаа өнгөрсөн дөрвөн жил Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж 14 их наядыг идсэн уусан гэж Н.Золжаргалыг буруутгасан МАН-ын улс төрийг “гөлөөг” гэж тоосон хүн цөөхөн дөө.
2017 оны тавдугаар сарын 25-нд УИХ-аас байгуулагдсан Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг Монголбанкинд хийсэн хяналт шалгалтын дүнгээ танилцуулсан. Шалгалт хийсэн ажлын хэсгийнхний зорилго нь “14 их наядыг идээд Н.Золжаргал чинь алга болчихжээ” гэсэн сенсааци дэгдээхэд л чиглэгдсэн байх. Түүнээс Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн юу байв гэвэл өөр дүр зураг харагдах байсан биз.
Уг шалгалтын дүнг товчилбол ерөнхийдөө Н.Золжаргалын үед Монголбанк 14 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд үр дүнгүй зарцуулжээ гэх дүгнэлт.
Өнгөрсөн дөрвөн жил Монголбанк, Засгийн газар хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд Монголбанкнаас нийт 4.8 орчим их наяд төгрөгийн санхүүжилт олгосноос, орон сууцны зээлийн хөтөлбөрийг хасч тооцвол 2012-2016 онд нийт 1,167.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монголбанк банкуудад олгосон талаар ажлын хэсгийн шалгалтын материалд дурджээ. Н.Золжаргал 14 их наяд төгрөг хэвлээд түүнийгээ аваад алга болсон гэсэн хаана байна.
2017 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлүүдээс 24.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:
- Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх чиглэлээр олгосон санхүүжилтийн үлдэгдэл 8.8 тэрбум төгрөг байгаа бөгөөд 2017 онд багтаан төлөгдөхөөр байгааг шалгалтын дүнд дурдаж.
- Барилгын салбарыг дэмжих чиглэлээр олгосон санхүүжилтийн үлдэгдэл 15.5 тэрбум төгрөг байгаа бөгөөд 2018 оны нэгдүгээр сард төлөгдөж дуусахаар байна гэж уг дүгнэлтэд бичиж.
Эндээс Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 14 их наяд төгрөгийг Н.Золжаргал салхинд хийсгэсэн биш харин ч түүний хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгсөн гэж харагдаж байна.
Нөгөө талаар Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгүй болсон гэвэл үүний хариуцлагыг Н.Золжаргал ганцаараа хүлээх нь учир дутагдалтай. Үүнийг ажлын хэсгийг дүгнэлт баталж буй.
Учир нь уг дүгнэлтэд “УИХ-ын 2012 оны 57, 2013 оны 62 дугаар тогтоол, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013, 2014 онд баримтлах үндсэн чиглэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг” гэж тодотгосноос харвал алдагдлыг буруутай этгээд буюу Н.Золжаргалаар ганцаар нь төлүүлнэ гэсэн УИХ-ын шийдвэр ч утгагүй.
Алдагдлыг буруутай этгээдээр төлүүлнэ гэвэл тэр буруутнуудын тоонд одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зөвлөх Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Ч.Улаан нар орно. З.Энхболд тухайн үеийн УИХ-ын дарга байсан, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг засгийг толгойлж байсныхаа хувьд шүү дээ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр шимийг хүртээгүй монгол хүн өнөөдөр цөөн. Ная гаруй мянган иргэн энэхүү хөтөлбөрийн үр дүнд өнөөдөр орон оронтой болсон бол, мах, сүү, шатахууны үнийн тогтвортой байдал иргэдийн амьдралд эергээр нөлөөлсөн гэж хэлж болохоор.
Тиймээс өнөөдөр Н.Золжаргалаар улс төр хийн, хоёрдугаар ээлжийн хоолонд орно гэж мөрөөдөж байгаа МАН-ын улстөрчдөд хандаж энэ сэдэв их хол явахгүйг зөвлөе. Хүн олдвол хэрэг тохно оо гэж!
Ж.Эрхэс