Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үед тонн нь 150 ам.доллар байсан коксжих нүүрсний үнэ долдугаар сард тонн нь 167.60 ам.долларт хүрч нэмэгдсэн юм. 2015 оны арваннэгдүгээр сард тонн нь 73 ам.доллар хүрч унаад байсантай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Нүүрсний үнэ энэ оныг дуустал тогтвортой өндөр байх таамгийг шинжээчид хийж байна.
Хэдийгээр олон улс дэлхийн дулаарлын эсрэг бохир түлшнээс татгалзаж эхэлсэн ч ойрын жилүүдэд нүүрсний хэрэгцээ огцом буурахгүй гэж ажиглагчид хэлж байна. Тухайлбал, нүүрсний томоохон хэрэглэгч Хятад улс өнгөрсөн зургадугаар сард 21.6 сая тонн нүүрс импортолсон тухай гаалийн мэдээлэл байна. Энэ нь тавдугаар сарынхаас 2.7 хувиар буурсан үзүүлэлт боловч 2016 оны зургадугаар сарынхтай ойролцоо байжээ. Харин энэ оны эхний зургаан сард Хятадын нүүрсний импорт 23.5 хувиар нэмэгдэж, нийтдээ 133.3 сая тоннд хүрсэн байна.
Пхеньяны баллистик пуужингийн туршилтын эсрэг Бээжин нүүрсний импортод квот тогтоосноор Монгол зэрэг бусад оронд ашигтай нөхцөл байдал үүсчээ. Хятад нь Хойд Солонгосоос импортлох нүүрсний хэмжээг 75 хувиар бууруулсан байна. Хятад улс өнгөрсөн 2016 онд Хойд Солонгосоос 22.4 сая тонн нүүрс импортолсон аж. Энэ нь 2015 оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт байв. Хятад улс Хойд Солонгосоос нүүрсний импортоо танасны дараа Монгол Улс 20 сая тонн нүүрс экспортолсноор Австралийг давж чадсан юм.
Харин Монгол Улсын экспортын бусад бүтээгдэхүүн зэс, алтны хувьд харилцан адилгүй байна.
Зэсийн үнэ
Лондонгийн үнэт металлын биржид тонн цэвэр зэсийн үнэ 2017 оны 7 дугаар сарын дунджаар 5977.6 америк доллар болж, өмнөх сараас 278.9 (4.9%) америк доллараар, өмнөх оны мөн үеэс 1121.8 (23.1%) америк доллараар өссөн байна.
Алтны үнэ
Лондонгийн металлын биржид 1 унц алтны үнэ 2017 оны 7 дугаар сарын дунджаар 1236.2 америк доллар болж, өмнөх сараас 24.1 (1.9%) америк доллараар, өмнөх оны мөн үеэс 101.1 (7.6%) америк доллараар буурсан байна.
Газрын тосны үнэ
Нью-Йоркийн худалдааны биржид 1 баррель газрын тосны үнэ 2017 оны 7 дугаар сарын дунджаар 47.4 америк доллар болж, өмнөх сараас 1.2 (2.6%) америк доллараар, өмнөх оны мөн үеэс 0.1 (0.2%) америк доллараар өсжээ.
Б.ТУЯА