Нурж устсаар байгаа түүх дурсгалаа аваръя

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Нурж устсаар байгаа түүх дурсгалаа аваръя

Засгийн газрын өнгөрсөн бямба гарагийн ээлжит хурлаар Онцгой албан татварыг сэргээн, тендер шалгаруулалтын явцыг түргэтгэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэл хотод өдрөөс өдөрт сүндэрлэн босч буй ганган чамин барилгууд дунд зуу гаруй жилийн настай Богд хааны ордон гандуу, гундуухан байна. Тус музей устаж үгүй болоход ойрхон болсныг, сэргээн засварлах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байв. Хамгийн сүүлд музейн Махранзын сүмийн дээвэр, хэрмэн хашааны ваар, 300 мерт модон хашааг бүрэн сэргээн засварласан бөгөөд бусад сүмүүдэд сэргээн засварлах ажлыг хийгээгүйг тус музейн захирал О.Мэндсайхан хэлж байсан юм.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүхийн дурсгалт өвийг сэргээн засварлаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний үүрэг. Монголд сэргээн засварлах шаардлагатай өдий төдий түүх дурсгалууд байгаль, цаг агаарын хүчин зүйлсээс болж ийнхүү нурж, устсаар байна. 

2015 оны улсын тооллогоор Монголд 200 гаруй мянган дурсгал бүртгэгджээ. Үүнээс 2000 орчим эртний сүм хийд, тогтмол үйл ажиллагаа явуулж түүхийн дурсгалт уран барилгын хэв шинжийг агуулж буй нь 50 орчим аж. Тэдгээр түүхэн дурсгалт уран барилгын нэг бол Богд хааны ордон музей.

Түүхэн дурсгалт уран барилгын сэргээн засварлалт нь дотроо зураг төслийн, эвдрэл гэмтлийн, материал бүтцийн гэх зэрэг олон төрөлтэй. Тэр дундаа түүхэн дурсгалт барилгын өнгө будгийн судалгаа Монголд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд энэ талаар холбогдох мэргэжилтнүүд анх удаа Богд хааны ордон музейд өчигдөр /2017.08.16/ хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг хэлэлцүүлэгт Вена хотын Хэрэглээний их сургуулийн сэргээн засварлах Институтийн захирал хатагтай Габриел Крист болон түүний шавь Катарина Кохлер нар хүрэлцэн ирж, монголын сэргээн засварлагчидтай хамтран сэргээн засварлах ажиллагааны суурь судалгаа хийх юм байна. Ингэснээр түүхэн уран барилгын модыг хэрхэн боловсруулсан, уламжлалт ямар найрлагатай будгаар будсан, дэвсгэрийг нь яаж хийсэн талаар хими, физикийн нарийн шинжилгээг хийж, сэргээн засварлах шаардлагатай судалгааны ажлыг эхлүүлэх гэнэ. 

Гандантэгчинлэн хийдийн Шашны их сургуулийн урлахуйн ухааны багш Д.Тулга

Хэлэлцүүлгийн үеэр Гандантэгчинлэн хийдийн Шашны их сургуулийн урлахуйн ухааны багш Д.Тулга ярихдаа “Манай орон цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Тиймээс хуучны хийцийн бүтээлүүдээс дээж авч, Монголынхоо газар шороонд байгаа эрдэстэй харьцуулан лабораторид судлах цаг болсон. Эртний судар номонд ийм цавуу ашиглаж байсан гэж тэмдэглэсэн байдаг. Одоо бид тэр цавууг уламжлалт аргаар нь хийгээд үзчихмээр байна. Монголын цаг агаарт зохилдсон урвалд орохооргүй уламжлалт будгийг сайтар судалмаар байна. Уг нь дурсгалт барилгыг сэргээн засварлахдаа хазайсныг тэгшлэх, холцорсон хуучин будгийнх нь суурийг сэргээж, бүтэн болгох ёстой. Гэтэл сэргээн засварлаж байна гээд хуучны ур хийцийг устгах биш юм. Үнэхээр сэргээн засварлаж чадахгүй бол хуучнаараа байсан нь дээр. Цаашдаа түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах стандартыг тогтоох хэрэгтэй” гэдгийг онцлон хэлж байлаа. 

Хуучны ном сударт монгол урлаачид байгалийн шороог гахайн цусаар барьцалдуулж, өнгө оруулж будаг гарган авдаг байсан тухай зарим ахмад судлаачид ч дурдаж байв. Мөн орчин цагт хуучны сүм хийдийн сэргээн засварлаж, буддаг ч хэсэг хугацааны дараа холцорч, ховхорч унадаг. Тиймээс хуучны уламжлалт будгийн технологийг судалж, сүм хийдийг сэргээн засварлах хэрэгтэй гэдгийг ч Монгол Улсын зөвлөх архитектор Ц.Батбаяр хэллээ.

“Түүх соёл” компанийн захирал Ц.Цэрэнжанцан

Тэдний нэг “Түүх соёл” компанийн захирал Ц.Цэрэнжанцан гуай “Манай компанийн ажилчид түүх соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэдэг. Түүх соёлын дурсгалт газрын сэргээн засварлалтыг хуучин судалгаа, шинжилгээний үндсэн дээр хийдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ ажлыг мөнгөтэй хүн л хийдэг болж, нэг ёсондоо орхигдсон гэж хэлж болно. Сэргээн засварлах ажлыг хийхэд захиалагч, ашиглагч, үйлчлэгч гурван тал ямар ч уялдаа холбоогүй. Захиалагч нь салбарын яам байлаа гэхэд ашиглагч байгууллага болох Богдын ордон музейгээс санал асуухгүй. Бас гүйцэтгэлийг нь шалгахаар өөр газраас шалгах жишээтэй. Хуучин түүхчид эртний сүм хийдийг урьдчилан судлаад, хэд хэдэн ном гаргасан байдаг. Ер нь одоо сэргээн засварлах ажлыг мэргэжлийн хамт олноор хийлгэхээ больсон доо. Тэрнээс болж, монголчуудын гэх уламжлалт арга техникээ баллаж байна” хэмээн санал бодлоо хуваалцсан юм.

Сэргээн засварлалтын өмнөх суурь судалгааг хийхийн тулд хими, физик, шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид гэх мэт салбар салбарын нэгдсэн баг хамтарч ажиллах ёстой. Цаашдаа сэргээн засварлах багийг байгуулж, уламжлалт арга технологио судлах ажлыг эхлүүлэх хэрэгтэй тухай эрдэмтэн судлаачид санал нийлж байв.

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж