О.Мөнхбаатар: Импортын барааны урсгалыг зогсоох нь бидний зорилго

Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

О.Мөнхбаатар: Импортын барааны урсгалыг зогсоох нь бидний зорилго

УИХ-ын өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр “Шударга ёс” эвслээс уг хуулийн төслөөр завсарлага авсан.

Барилгын материалын үйлдвэрлэл худалдааны “Гурван марал” группийн зүгээс Монголынхоо хуурай хольцын үйлдвэрлэлийн салбарт Евро стандартыг нэвтрүүлэхээр зорилго тавин ажиллаж байгаа ажээ. Ингээд тус компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхбаатартай ярилцлаа. 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Барилгын материалын зах зээлд “Гурван марал” группийн үндэсний үйлдвэрийн “999” брэнд хэдийнэ танил болжээ. Бидэнд компаниа танилцуулахгүй юу?

-Манай компани 2011 онд анх үүсгэн байгуулагдаж, барилгын материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Харин 2013 оноос эхлэн барилгын материалын хуурай хольцын материал буюу бидний мэддэг гадна, дотны хар замаск, плита, чулууны цавууг үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэрнээс хойш барилгын дулаалгын хөөцөнцөр полестрол хавтангийн үйлдвэр, хөнгөн бетон, блокны үйлдвэр, өнгөлгөөний цагаан замаскны үйлдвэр зэрэг дөрвөн чиглэлийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, барилгын салбарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. 

Бидний хувьд барилгын салбарт нэлээд томоохон хэмжээний төслүүдтэй хамтарч ажилладаг. Заримаас нь дурдвал ‘Пи Ай Эм Эм’ компанийн “Ханбогд ресиденс” хороололтой хамтарч ажиллаж байсан. Одоогоор “Гангар инвест” компанийн “Шинэ Амгалан” хорооллын төсөл дээр хамтран ажиллаж байна. Бас “М-Си-Эс Проперти ” компанитай хамтран ажиллаж байна. Хамгийн сүүлд Японы хөрөнгө оруулалттай Японы мэргэжлийн сумогийн Харума Фүжи их аварга “Шинэ монгол” сургуулийн удирдлагуудтай хамтран Яармагт баригдаж буй “Шинэ монгол Харума Фүжи” бага сургуулийн төсөл дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ мэт 200 гаруй компани, хувь хүнтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

-Шинээр баригдаж буй Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажилд хуурай хольцын барилгын материал нийлүүлсэн гэсэн. Хэрхэн Хөшигийн хөндийн нисэх буудлын төсөлд хамтран ажиллах болсон бэ?

-Бидний хувьд 2015 оны намар Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг гүйцэтгэгч компани болох “Самсунг” компанид нэлээд олон хуурай хольцын дээжээ өгсөн. Олон улсын төсөл гэдэг утгаар Монголоос өөр стандартаар ажилладаг юм билээ. Хавар нь “Монголоос олон барилгын хуурай хольцын материалын компани өөрсдийн бүтээгдэхүүний дээжээ ирүүлсэн. Тэр дундаас танай “999” брэндийн хольцыг Хөшигийн хөндийн нисэх буудлын барилгын ажилд ашиглахаар боллоо” гэсэн хариу ирсэн. Тус компани зохион байгуулалт сайтай учраас туслан гүйцэтгэгч компаниуддаа батлагдсан барааны тусгай код өгчихдөг юм байна. Учир нь мэргэжлийн газраас шалгалт хийхээр заавал батлагдсан бараагаар хийх ёстой байдаг. Тийм учраас бүх туслан гүйцэтгэгч компаниуд кодоо бариад манай компанитай хамтран ажилласан. 

-Барилгын салбарт үндэсний үйлдвэрлэгч компаниуд импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байна уу?

-Үндэсний үйлвэрлэгчид импортоор орж ирж буй бүтээгдэхүүнүүдийг орлох хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байж гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг багасгана. Манай барилгын материалын хуурай хольцын салбарт гаднаас оруулж ирж байгаа импортын бүтээгдэхүүн 100 хувь зогссон гэж хэлж болно. Зарим нэг бага хэмжээний бүтээгдэхүүн зам тээвэр, нөхцөл байдлаасаа хамаарч орж ирж байгааг үгүйсгэхгүй. Манай группийн үйлдвэрлэл үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байхад манай улс 100 хувь гадны импортын бүтээгдэхүүн авдаг байлаа. Монголчууд маань бас гадны бүтээгдэхүүн л сайн гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл бидний хувьд энэ ойлголтыг эвдэж, хэрэглэгчдийнхээ гарт баригдаж, нүдэнд нь харагдтал ажиллахаар зорьж, хичээсэн. 

Барилгын салбарт 2012 оны гэр хорооллын дахин төлөвлөлт эхэлж, Монгол Улсын Засгийн газраас барилгын салбарыг маш их дэмжсэн. Гэхдээ тухайн үед барилга угсралтын чиглэлийн компаниудыг дэмжиж байснаас барилгын материал үйлвэрлэгчдийг төдийлөн сайн дэмжээгүй. Тэглээ гээд ямар нэгэн гомдолтой гэж асуудалд хандаагүй. Учир нь үйлдвэрийн угсралтын компани сайн үйл ажиллагаагаа явуулна гэдэг нь барилгын материал үйлдвэрлэж буй бидний хувьд их дэмжлэг болж байгаа юм. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ зах зээлийнх нь үнээр санал болгоод л импортын барааны урсгалыг зогсоож байвал бидний зорилго оршино.

-Танай компанийн хувьд барилгын материалын үнийн ямар бодлоготой ажиллаж байна вэ?

-Бүтээгдэхүүний үнэ чанартай салшгүй холбоотой байдаг. Гэхдээ барилгын материалын салбарт чанартай байлаа гээд өндөр үнэ байвал бас хэцүү. Бидний хувьд барилгын материалын үнэ өсвөл баригдаж буй орон сууцны үнэд шууд нөлөөлнө. Тийм учраас барилга угсралтын компаниудын өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлагын үүднээс 2015 оны үнээ барьж явж байгаа. “Энэ төслийг чинь дуустал бид энэ үнээрээ л нийлүүлнэ” гэдэг. Алдагдалтай байх нь хамаагүй. Энэ бол бидний хариуцлага. Хэрэв бид тогтвортой үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй бол барилгын компаниуд хэрэглэгчдэд тогтвортой үнийг санал болгож чадахгүй шүү дээ. Бид бүгдийг өөрсдөө үйлдвэрлэхгүй цементийг гаднаас авна. Бусад төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас авна шүү дээ. Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай байна. Энэ үед хамгийн аюултай зүйл бол үнэ савлах үзэгдэл. Үүнийг л дагаж савлаад байхгүй бол компани оршин тогтнож, хэрэглэгчдэдээ хүлээн зөвшөөрөгдөж, бүтээгдэхүүн нь танигдаж чадна. 

-Монголын хуурай хольцын үйлдвэрлэлийн салбарт евро стандартыг нутагшуулахаар ажиллаж байгаа гэсэн. Уг зорилгынхоо хүрээнд ХБНГУ-ын “Wacker” компанитай хамтран ажиллахаар болсон гэж дууллаа. Энэ талаар ярихгүй юу?

-Бид 2015 оноос эхлэн монголчууд БНХАУ-аас тодорхой хэмжээний технологи оруулж ирээд нутагшуулаад барилгын материал хийдэг боллоо. Олон улсын стандартыг мөрдөж ажлаад явж байна. Гэвч импортын өндөр үнэтэй барааны хэрэгцээ байгаа учраас өндөр чанартай бүтээгдэхүүн импортоор орж ирж л байна. Тэгээд бид Европ руу судалгаа хийж, Германы “Wacker” компанийн ОХУ-ын төлөөлөгчийн газартай холбогдсон юм. Ийн тус компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, евро стандартыг монголынхоо хуурай хольцын зах зээлд нэвтрүүлэхээр ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд Оросын төлөөлөгчид Монголд дараагаар нь Монголын төлөөлөгчид Орост очиж ажилласан. Монголоос бүх орцоо евро стандартын лаборатори руу шинжлүүлэхээр явуулсан. Тэгсэн “Зуун модны элс, “Монполимет” группийн Монцементын цемент Олон улсын стандартад нийцэж байна” гэсэн хариу ирсэн. Хэрвээ Монгол Улсад Олон улсын стандартыг хангасан цементийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаагүй байсан бол Олон улсын стандартыг хангасан цементийг гадаадаас импортлох байсан. Харин Монцементийн үйлдвэр олон улсын стандартыг хангасан цемент үйлдвэрлэж байгаа нь манай компанийн хувьд олзуурхаж байгаа юм. Хоёр үндэсний үйлдвэрлэгч компани хамтран ажилласнаараа импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад баяртай байна. Мөн бусад компаниуд маань ч гэсэн үүнээс хүртэх ёстой гэдэг үүднээс мэргэжлийн байгууллагуудтай сургалтыг зохион байгуулсан. 

-“Гурван марал” группийн цаашдын зорилгоос хуваалцаач?

-Анх барилгын материалын нэг үйлдвэртэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо дөрвөн чиглэлээр үйлдвэрлэл явуулж байна. Хамт олон маань өргөжиж, ажлын байр ч шинээр нэмэгдэж байна. Энэ бол ахиц. Цаашдаа ч хийхээр төлөвлөсөн, зорьсон ажил олон байна. Манай хамт олон залуу хүмүүс учраас өмнөө тавьсан зорилгынхоо төлөө зүтгэнэ.

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж