Хуучирсан мэдээ: 2017.08.17-нд нийтлэгдсэн

Гүйцэтгэх ажиллагаа

Гүйцэтгэх ажиллагаа

МАН-ын Удирдах зөвлөл хуралдахын өмнөх орой У.Хүрэлсүх, Б.Баатар хоёрын утасны бичлэг youtube дээр тавигдсанаар олон нийтийн сүлжээн дэх ээлжит нэгэн “бөмбөг” дэлбэрэв. Үнэндээ манай цахим сүлжээнд өдөр болгон шахуу л “бөмбөг дэлбэрэх” нь ердийн үзэгдэл болоод зогсохгүй бөмбөг тавигч Улсын баатар болох нь холгүй болсон л доо.

У.Хүрэлсүх урвагч байжээ л гэнэ. Эрлийзүүдийн эсрэг зогссон эх оронч л гэнэ. Тэр баатар уу, балинч уу гэдэг хоёрдугаар асуудал. Ямар ч байсан “Х.Баттулга ах аа, Таны ялалтын 40-50 хувь нь У.Хүрэлсүх ахын гавьяа шүү гэж би хэлсэн” гэх “Херо” энтертайментийн найруулагч Б.Баатарын бичлэг эвлүүлэг биш, У.Хүрэлсүх намынхаа эсрэг ажиллах нь ажилласан гэдгийн нотолгоо болчихлоо. Харин Шадар сайдын “урвалт” өөрийнхөө эрх мэдлийн төлөө юү, улсынхаа эрх ашгийн төлөө юү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Үндсэндээ эрх мэдлээ булаацалдсан эрх баригчдын дунд задрал, хагарал явагдах нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үү, хойно уу гэсэн ганц л асуулттай, энд М.Энхболд өөрөө ч буруутай.

Гэвч, эрх баригчдын хэрүүл, талцлаас илүү аюултай нь хэн нэгэнтэй утсаар ярих, уулзаж учрахдаа хүртэл айж, болгоомжлохгүй бол хэн хэзээ ямархуу гүйцэтгэх ажиллагаа явуулж, хэрхэн түүнийгээ ямар замаар дэлгэж “Баатар” болох вэ гэдэг байж болох жирийн үзэгдэл болсонд байгаа хэрэг.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3.-т зааснаар бол цагдаагийн байгууллага далд аргаар үйлдэгдсэн, эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох… прокурор, шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олох зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулж болох аж. Харин Үндсэн хууль болон бусад хууль зөрчин тусгай ажиллагаа явуулах эрх хувь хүнд байтугай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч, хуулийнханд ч байхгүй юм.

Гурван жилийн өмнө Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хурандаа нарын хэрэг одоо ч хуучраагүй байгаа. Хэн ямар зорилгоор, хэний тушаалаар яах гэж салбарынхаа сайдыг тагнаж, чагнасан бэ гэдгийг өнөөг хүртэл тогтоогоогүй байна. Уг хэргээр ТЕГ-аас “Хууль зөрчсөн гүйцэтгэх ажил гэх үндэслэлтэй байх тул  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах” хүсэлт тавихад Нийслэлийн прокуророос “Эрүү үүсгэн шалгах шаардлагагүй” гээд асуудлыг хав дарсан.  Түүнчлэн парламент дээр төмөр замын тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдийн утсанд Хятадаас мессеж бичсэн, эзнийг тагнуулынхан тогтоолоо гэсэн одоо хаана байна.

Гол нь Шадар сайдын яриаг чагнасан нь тагнуулынхны хийсэн тусгай ажиллагаа юу, “Херо”-гийн баатрын хийсэн хэрэг үү гэдгийг л хууль, хяналтынхан одоо л олж тогтоож, хэний хийсэн ажил вэ гэдэгт хариуцлага тооцохгүй бол эхнэр нөхөр хоёр саллаа гэхэд эр эмийн ажлаа бичлэг болгоод дэлгэж чадах эрээ цээргүй, итгэл сэтгэлгүй нийгмийг бид бүтээж байна. Ийм байж хүүхдүүддээ бид хүнлэг ёс, хүний эрхийн тухай сургах нь  ичгэвтэр биш гэж үү.

Хэрэв У.Хүрэлсүх дээр тагнуулынхан тусгай ажиллагаа явуулсан бол гэмт хэрэг болно. Тэгвэл хэний тушаалаар хэн явуулсан бэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Харин Херо Баатар утсаараа бичиж авсан бичлэгээ дэлгэсэн бол ёс зүйн асуудал. Бурхан хүн хоёрыг холбож байдаг цорын ганц зам бол итгэл. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй.

Л.Эрдэнэчимэгийн “Архи, тамхи, секс гурав”, О.Цолмон, П.Анужингийн бичлэг, одоо У.Хүрэлсүхийн яриа. Энэ бүхний ард “Маш том бүлэглэл” байгаа гэж Б.Баатар өөрөө л хэлсэн. Харамсалтай нь, энэ том бүлэглэлийн дэлгэж гаргаж, дэглэж тавьж буй бичлэг, видео Монголын улс төр, эдийн засаг, нийгмийг бүхэлд нь самарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж