Тиймээс ч зарим нэг өөрчлөлтийг хийхээр болсон сурагтай. Сурагтай ч гэж дээ. Өчигдөр орой тус намынхан тодорхой хүрээнд хуралдаж, намын генсекээ солихоор болжээ. Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбатыг Ш.Түвдэндоржоор солихоор шийджээ. Энэ нь олон учир шалтгаантай. Үүний нэг нь ирэх сонгуулийн өмнө нийслэлийн Ардчилсан намыг суллаж, нэлээн чанга гарт, бас өөрийн талын хүнд атгуулахын тулд Ш.Түвдэндоржийг дэвшүүлэн зайлуулж буй хэрэг гэнэ. Н.Алтанхуяг дарга Ш.Түвдэндоржийг олон фракцийг бужигнуулаад байхгүй, намын дүрмээ боловсруулаад суух хэмжээний хүн гэдгийг ч тооцсон байж мэднэ. Энэ бүх операци МАН-ынхан нийслэлд хүчтэй ажиллаж эхэлсэнтэй холбоотой байж магад.
МАН-ынхан 1050 ухуулагч ажиллуулахаар хороо нэмэх нэрээр тэрбум төгрөг цацаж эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн. Тэгэхээр сонгуулийн кампанит ажил маш эрчимтэй явагдаж эхэлсэн гэсэн үг. Юутай ч нам гүм мэт байгаа АН-ынхан удахгүй ҮЗХ-гоо хуралдуулж, дээрх асуудлыг шийдэх бололтой.
Уг нь оны өмнө УИХ-ын гишүүн З.Энхболд хамтарсан Засгийн газрыг тараах бодлого явуулж, бодлогын хүрээнд өөрийн толгойлдог Монголын ардчилсан хүчний холбоог хөдөлгөх гэж үзээд больсон. Тохирсон уу, юугаар тохирсон, бууж өгсөн үү, үгүй юу гэдгийг тэд л мэдэж байгаа, одоохондоо. Үүнээс арай өмнөхөн Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийг огцруулж, Ш.Түвдэндоржийг томилсон ч хуучин дарга С.Эрдэнэ Тогоонтөмөр хаан шиг тамгаа авч зугтаад хэсэг л юм болсон. Харин гадаадад томилолтоор явсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга ирсэн даруйдаа л тамга тэмдгийг нь ном ёсоор өгүүлж, хонь чоно болоод байсан хуучин шинэ дарга нарыг хооронд нь тэврэлдүүлж харагдуулсан. Хэвлэл мэдээллээр үзэж тарж байсан нөхөр гэнэт тамгаа өгч шинэ даргыг тэвэрсэн нь хачирхалтай санагддаг. Улс төр гэж энэ байх даа. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр С.Эрдэнэд “Хоёрын хооронд ингэж яадаг юм. Цаана чинь улс төрийн маш том ирээдүй хүлээж байна“ хэмээн сануулаад өнөөдрийн улс төрд болж байгаа хагарлын талаар өөрийнхөө төлөвлөгөөг ярьсан гэдэг. Байж болох л зүйл. Тухайн үед намын дарга Н.Алтанхуягийн эсрэг онц их хурал хуралдуулна гэж “пээдийсэн” банди нар хэсэг шуугисан гээд үйл явдал дүүрэн болж өнгөрсөн. Харин өнөөдрийн манай улс төрийн байдал Ардчилсан намынханд маш ашигтай талбарыг бий болгож байхад чимээ үл гаргаж байгаа нь хачирхалтай ч тэдний хувьд төлөвлөж байгаа санаа байгаагийн эхнийх нь дээрх томилгооны асуудал болов уу. Өөрөөр хэлбэл, АН-ынхан ирээдүйн улс төрийнхөө төлөвлөгөөг зурж суугаа биз. АН-ын энэ төлөвлөгөөнд МАН-ын зарим гишүүд байраа эзэлчихсэн нь дамжиггүй. Бидний нүдэн дээр л МАН, АН болж тоглоод байгаа болохоос биш, үнэн хэрэгтээ хэтэвч нь нэг гэдгийг надаар хэлүүлэх юун. Тэдний ажиглан зохиож байгаа төлөвлөгөө улам сонирхолтой болж байна.
МАН-ынхны бухимдал ч дээд цэгтээ тулж хурал цуглаан дээр нэгийгээ заамдалцав. Энэ нь Ардчилсан намын нөхдийн инээдийг барсан явдал болов. Зөвхөн тэдний инээдийг бараад зогсохгүй, энэ хэрээр ард түмний дунд нэр сүр нь доройтож байна. Заамдуулсан Д.Тэрбишдагва болон түүний галынхан хорсохдоо, намын дотоод хагарлыг улам хурцатгахаар нэгэнт шуудрав бололтой. МАХН байгаад МАН болсон хүмүүс “Манай намынхан АН-ынхан шиг дотроо жийлцдэггүй, хэрэлддэггүй, эв найртай, хагацахгүй салахгүй” хэмээн бардамнаж байсан цаг саяхан. Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэж үнэн юм даа.
АН-д өрнөж буй чимээгүй жүжгийн найруулагчаар хэн ажиллав гэдэг сонин байна. “Та нар хоорондоо битгий хэрэлдээд бай. Монгол Улсыг олон жил толгойлсон намын задралыг харж байна уу. Бүх зүйл бидний гарт ороод ирж байна. Чимээгүй байж байгаад хүн бүр хувь хүрт” гэсэн санааг хэлсэн хэрэг. Ямар ч байсан МАН-ынхан задарч, АН ашигтай байрлал эзлэх нь тодорхой боллоо. Чимээгүй тэнгэрийн цаанаас АН-ыг чиглэсэн их ширүүн мөндөр буух цаг айсуй. Сонгуулийн хууль ч мэндлэх биз ээ.
Эх сурвалж: