Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт иргэдийн саналыг тусгуулахаар хэлэлцүүлж байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрийн байдлаар 11 аймаг (Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгийн, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Архангай), нийслэлийн 3 дүүрэг (Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар)-т хэлэлцүүлсэн бол УИХ-ын Тамгын газраас томилогдсон төсөл хэлэлцүүлэгч таван баг Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж байна. Аймаг тус бүрт бүсчилсэн гурван хэлэлцүүлгийг өрнүүлсний дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн 6 дүүрэгт үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Нийслэлийн хувьд ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.16) Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг захиргааны V байранд зохион байгуулагдаж, тус дүүргийн 20 хорооноос 235 иргэн оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд Үндсэн хуулийн заалтын агуулга, төслийн заалтын агуулга болон ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 2017 оны 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ныг дуустал олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаар заасан.

Тогтоолын төсөл ёсчлогдож, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссан мөчид буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн мэдээлэл” болон бусад сонин, сайтуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийтлэгдсэн. Мөн Ажлын хэсгээс энэ оны 06 дугаар сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, саналаа ирүүлэх албан тоотыг бүх төрийн байгууллага, улс төрийн намууд, хууль зүйн сургуулиуд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлсэн.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг оролцуулсан цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонссон. Түүнчлэн 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм. УИХ-ын Тамгын газраас 7 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэг хийснээр энэ ажил хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэх, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ.

Мөн цахимаар иргэдийн саналыг авч байгаа, иргэн та http://forum.parliament.mn/projects/171 сайтаар орж саналаа өгөх боломжтой гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, хариулт авав, мөн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийлж байв. Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав иргэдийн асуултад хариулт, тайлбар өгсөн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж