Монгол Улс жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэх зэргийн гэдгээ хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “World master” тэмцээн дээр манай тамирчид нотолсон. Ялангуяа 66 кг-ын жинд талын хөх монголчууд хэдийнэ ноёрхлоо тогтоожээ. Өнгөрсөн жил энэ жинд олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа аваргалж байлаа. Харин энэ буухиаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар үргэлжлүүлэв. Тэрээр өрсөлдөгч нараа ээлж дараалан ялсаар аваргын алтан медалийг энгэртээ гялалзуулж, төрийн дууллаа Бакугийн тэнгэрт эгшиглүүллээ. Х.Цагаанбаатар дэлхийн хүн болжээ. Тамирчин бүр түүний барилдааны арга барил, ур чадвараас суралцахыг хүсч байна. Түүнээс гадна дэлхийн энтэй бөх гэдгээ нотолж олон улсын хэмжээний мастер М.Бундмаа хүрэл медаль хүртсэн. Харин жүдочдоос цахиур хагалах ирээдүйн олимп, дэлхийн аварга төрөн гарч ирж байгааг олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн харууллаа. Монголын эрэгтэй тамирчид түүхэндээ анх удаа багаараа чансаа өндөртэй ийм том тэмцээнд багаараа гуравдугаар байр хүртсэн жүдо бөхөд гарч буй нэг дэвшил юм. Мэдээж дэлхийн чансааг тэргүүлэх зэрэглэлийн тамирчид зодоглож байгаа учраас өрсөлдөгч нар хүчтэй байх нь тодорхой. Харин манай жүдочид шилдгүүдийг давж шилдэг боллоо. Японы алдарт бөх Анаиг ялсан Б.Тэмүүлэнгээр монголчууд бахархаж байна. Зөвхөн медаль хүртэгсэд ч биш манай жүдочдын ур чадвар өндөр төвшинд хүрчээ. Өндөр амжилт гаргасан Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан өчигдөр эх орондоо ирлээ. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатарын сэтгэгдлийг сонслоо.
-Өндөр чансаатай тэмцээнээс алтан медаль хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш их баяртай байна. Нэг жилийн өмнө найзынхаа гаргасан амжилтыг давтаж аварга болсондоо маш их баярлаж байна. Монголын жүдочид бүх жинд жигд өрсөлдөж байгаа нь хамгийн гол онцлог юм. Өмнө нь манайхан 2-3 жинд л өрсөлддөг байсан.
-Өрсөлдөгч нараас тань барилдаж үзээгүй бөх байсан уу?
Байгаагүй. Энэ тэмцээнд оролцсон бүх тамирчинтай доод тал нь хоёр удаа барилдсан. Тийм болохоор арга барилыг нь ерөнхийдөө мэднэ.
-Олимпийн оноонд хэр нөлөөлөх вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох чансаатай болохоор олимпийн оноонд нөлөөлөлгүй яах вэ. Энэ тэмцээнд түрүүлбэл 400 оноо авна.
-Дараагийн тэмцээн ойрхон байгаа юу?
-Маш ойрхон байгаа. Бидэнд бараг амрах зав ч алга. Маргаашнаас шууд бэлтгэлдээ гарна. “Дэлхийн цом”, “Их дуулга” гэх мэт олимпийн оноо цуглуулах олон тэмцээн хүлээж байна. Энэ бүхэнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг бүр өндөрт мандуулна. Намайг дасгалжуулдаг багш нар болон жүдо бөхийн холбооныхондоо баярлалаа. Бас намайг үргэлж дэмждэг ард түмэндээ, жүдо бөхөд хайртай бүх хүнд баярласнаа хэлье. Мөн өөрийн хамт олон буюу ШШГЕГ, "Сүлд" спорт хорооныхондоо талархаж явдгаа онцолж хэлэхийг хүсч байна.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.