Дарханчууд улсын чанартай хотын статусыг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.16-нд нийтлэгдсэн

Дарханчууд улсын чанартай хотын статусыг хүлээж байна

Дарханчууд улсын чанартай хотын статусыг хүлээж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ээлжит бүсчилсэн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ. Хэлэлцүүлэгт тус аймгийн Дархан, Хонгор, Орхон сумын иргэд оролцож байна.

Төслийн талаар орон нутагт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс санал авах үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан хэсэг ажиллаж байна.

Үдээс өмнө Дархан сумын Нутгийн удирдлагын ордонд болсон хэлэлцүүлэгт Дарханаас гадна Хонгор, Орхон сумын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын 40 гаруй албан хаагч оролцов. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Үндсэн хуульд нэгэнт нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол УИХ, түүний дэг, гишүүдийн ирцэд эхлээд өөрчлөлт оруулсныхаа дараа шат шатны байгууллагын хурлын дэгт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Учир нь ард түмний итгэл хүлээн сонгогдсон гишүүд олон хоногоор ажилдаа ирэхгүй байна. Анхан шатны нэгж буюу яг иргэдтэй тулж ажилладаг сум, аймаг дээрх нэгжийн бүтэц, бүрэлдэхүүн, хуралдааны дэгийг зохицуулж өгөөгүйгээс нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тиймээс энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн санал гарч байлаа. Мөн баг, сумын засаг даргын томилгооны асуудал нэлээд яригдаж, иргэд нийтийн хурал болохоор багийн Засаг даргаа л сонгоно гэж ирдэг, хэрэв багийн Засаг даргыг дээрээс томилчихвол иргэд энэ хуралд тэр бүр ирэхгүй. Тиймээс багийн Засаг даргыг дээрээс томилох бус иргэд дотроосоо сайн мэдэх хүнээ сонгох нь зүйтэй хэмээн ярьж байлаа.

Дархан-Уул аймгийн хувьд янз бүрийн газраас ирсэн олон үндэстэн, ястан оршин суудаг, дөрвөн сум нь өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, өмнө нь Дархан хот гэгддэг байсан томоохон төв газар гэдгээрээ онцлог. Тухайлбал Шарын гол л гэхэд уурхайдаа түшиглэсэн амьдралтай, Орхон сумын хувьд жимс ногооны үйлдвэрлэлийн нэгдүгээрт бичигддэг сум гэгддэг, Хонгорын хувьд улсдаа ганц элит сортын үр тариатай гэж гайхуулдаг, Дархан сумын хувьд 10 гаруй том үйлдвэр ажилладаг Монгол Улсын үйлдвэрийн томоохон район билээ. Тийм ч учраас Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор энд тавигдаж буй гол асуудал нь улсын чанартай хотын статустай болох явдал юм.

Сумын иргэд “Улсын чанартай, орон нутгийн чанартай хотод их ялгаа бий. Одоо 3000 хүн амтай сум, 80 мянган хүн амтай сум хоёр ялгаагүй болчихоод байна. Тухайлбал, газар нутгийн хувьд л гэхэд Хонгор сум аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80 шахам хувийг эзэлдэг болохоор газар нутаг, хүн амын тоог харгалзах, эрх мэдлийн хувьд давхардал нь ямар байхыг харж үзэх хэрэгтэй байна” хэмээн ярьж байв.

Үдээс хойш Дархан сумын Залуучууд театрын Дугуй заланд болсон нийт иргэдийн хэлэлцүүлгийн үеэр ч энэ асуудал ярианы гол сэдэв болж байсан юм. Дархан сумынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар удаа дараа хэлэлцүүлэг зохиосны хувьд энэ талаар харьцангуй сайн мэдээлэлтэй байгаа нь харагдав. Хэлэлцүүлэгт 300 гаруй хүн оролцсон бөгөөд Ардын Их Хурлын депутат, 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж явсан Дархан сумын иргэн М.Мөнхбат гуайгаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал бодлыг нь сонирхвол:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй ерөнхийдөө санал нийлж байна. 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-өөс болж Үндсэн хууль маань гажуудаж эхэлсэн. Зарим нэг заалтын хувьд саналаа хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаар сонгодог байж таарахгүй. Манайх шиг цөөн хүн амтай улс нийт ард түмнээсээ сонгох нь зөв. Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлахыг зөвшөөрөмгүй байна. Манай зарим Ерөнхийлөгч зөв, сайн хууль санаачилж байсан шүү дээ. Харин хориг тавихыг нь болиулах нь зүйтэй байх. Засгийн газрын хувьд Ерөнхийлөгчийнх ч юм шиг, Их Хурлынх ч юм шиг, энэ хоёр субъектийн зүгээс нэлээд бужигнуулж байна. Миний хувьд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй байх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Эцэст нь Үндсэн хуулийн цэц ихээхэн улс төржиж, хоёр том намд үйлчилж байна. Тиймээс түүний харьяаллыг Улсын дээд шүүхэд байлгах нь зүйтэй болов уу гэсэн бодолтой байгаагаа илэрхийллээ.

Бүсчилсэн хэлэлцүүлэг маргааш Шарын гол суманд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж