Ингэж яваа олон залуус сүүлийн үед гадаа, гэрт, цайны газар, баар ресторан, номын сан гээд ер нь хаа л бол хаа тааралдах боллоо. Залуус маань намд элсэхгүй бол агаарын дутагдалд ороод амьсгал нь боогдох гээд байгаа бололтой дог. Буруу хойшоо.
Төр ээлжиж барьж буй хоёр намын алинд элсэхээ мэдэхгүй хоёр байрных нь дунд зогч байгаад алган дээр шүлсээ дусааж цохиод үсэрсэн тал руу алхах нь халаг хөөрхий. Уг нь үзэл бодлынхоо хүч энергиэр улс төрийн байгууллагад элсдэг баймаар юм. Гэтэл баруун зүүний үзлээ ч ялгаж салгахгүй байж намд элсэх тухай ярих нь эмгэнэлтэй. Яагаад залуус намд дурлаад байна. Энэ их учиртай. “Нам дагавал ам тосдоно” гэсэн егөө хэллэг гарсан даа. Тэр үгийн утгыг ухаж ойлгосон залуус намд дурлаад байгаа юм. Алинд нь элсэхээ мэдэхгүй эргэлзээд байгаа нь аль нь илүү амьдралын боломж хайрлах бол гэж анаад байгаа хэрэг. Боломж харагдвал “дэвхэрчих” гээд. Залуус намаар дамжиж эрх мэдэл, албан тушаалд хүрч, авилга авч баяжиж байвал тэр үзэл бодол, итгэл үнэмшил бол лөөлөө гэж байгаа юм. Тэдэнд хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн эрхэм чанар, шударга ёсны тухай яриад хэрэггүй. Дайсан нь болно. Дээрээс нь тэнэг мангар, хуучинсаг үзэлтэйгээрээ дуудуулж сэтгэлдээ сэвтэй хоцрохоос өөр ид байхгүй.
Залуус тэгж бодохоос өөр аргагүй юм аа. Хамт сурч байсан найз нь оюутны ширээнээс ховхронгуутаа ядаж хорооны Засаг дарга болоод эмээ өвөө нарыг өмнөө бөхөлзүүлж, идэж уугаад орон байрны асуудлаа шийдээд явчихыг дэргэдээс нь харсан нөхрийн шүлс савирахаас яах билээ. Тийм бодит тохиолдол байна, цаана чинь.
Нэг залуу “Манай ах Ардчилсан намын гишүүн байсан юм. 2008 онд “Ху” намд элсээд сонгуульд нь идэвхтэй ажиллаад Гадаад харилцааны яамны газрын дарга болсон. Их мөнгө олох боломж олгож байвал аль ч намд элссэн яадаг юм” гэж ярьж байгаа юм.
Монголын залуусын үнэн нүүр царай ийм байна. Үүний эсрэг бодолтой залуу байвал битий уурлаарай. Та бол зөв хүн шүү. Яагаад Монголын залуус нөр хөдөлмөр, авьяас билэг, мэдлэг ухаанаараа өөрийн карьераа бүтээхийг хүсэхгүй байна вэ. Угаасаа тийм боломжийг улс төрийн тогтолцоо нь өгөхгүйг аль хэдийнэ ойлгочихож. Тийм үү. Энэ эрүүл бус үзэгдэл хэдий хүртэл үргэлжлэх бол. Хурдан дуусаасай.
Өнөөдөр улс төрийн өндөр албан тушаалтан, нам бүлэглэлийн толгойлогчдод хэн хамгийн сайн долгинож улыг нь долоох шахам гүйсэн нь амьдралын баталгаатай, албан тушаалтай болж байгаа нь нууц биш. Мэдлэг чадвар, шударга ёс бол “эртний эдлэлийн” дэлгүүрт үлдсэн. Гэхдээ ямар ч үнэ цэнгүй.
Монголын залууст их мөнгө, албан тушаалд хайрлах нам олдоосой гэж ерөөе. Ингэхэд аль нам ашигтай юм бол оо.
Эх сурвалж: