Малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймагт гарч, өвчний гаралт буурахгүй байгаа учраас Өмнөговь аймгийн Засаг дарга малын шилжилт хөдөлгөөнийг гурван жилийн хугацаатайгаар хориглох захирамж гаргажээ.
Энэ талаар тус аймгийн Засаг газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Э.Мягмарсүрэнгээс тодруулахад “Одоогоор Өмнөговь аймагт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Аймагтаа залгаа аймгуудад малын гоц халдварт өвчний дэгдэлт буурахгүй байгаа учраас аймгийн Засаг даргын А/782 тоот захирамжийг энэ сарын 11-ний өдөр гаргасан. Уг захирамжийн дагуу Өмнөговь аймагт малыг хөлөөр тууварлан шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон” гэдгийг хэлсэн юм.
Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сумын нутагт малын гоц халдварт хонины цэцэг, шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Цогт-Овоо, Манлай, Цогт-Цэций сумдад хяналтын дөрвөн постыг гарган ажиллаж байгаа ажээ. Мөн холбогдох албаныхан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн мал амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж байна.
А.Сүрэн