Пхеньяны худалдааны гол хамтрагч Хятад улс Хойд Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр, далайн бүтээгдэхүүний импортоо зогсоож байна. Хойд Солонгос өнгөрсөн долдугаар сард хоёр удаа баллистик пуужингийн туршилт хийсний хариуд НҮБ хоригоо өргөжүүлсэн юм. НҮБ-ын гишүүн орны хувьд Хятад улс үүргээ биелүүлж Хойд Солонгосын эсрэг импортын хоригоо нэмэгдүүлсэн нь энэ аж. Пхеньяны эсрэг НҮБ-ын эдийн засгийн хориг тус улсын жилийн нэг тэрбум ам.долларын орлоготой тэнцэх тооцоог Аюулгүйн зөвлөл гаргажээ.
Хойд Солонгосын гадаад худалдааны 90 гаруй хувь нь Хятад улстай байдаг аж. Хятад улс өнгөрсөн жил Хойд Солонгостой 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байв. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосоос нүүрсний импортод квот тогтоосон юм. Улмаар Хятад улс импортын хоригоо төмрийн хүдэр, далайн бүтээгдэхүүнээр өргөжүүлсэн нь Хойд Солонгост илүү дарамт үзүүлнэ хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Хойд Солонгосын төмрийн хүдрийн экспорт энэ оны эхний таван сард 74.4 тэрбум ам.долларт хүрсэн нь 2016 оны нийт үзүүлэлттэй тэнцүү байгаа юм. Түүнчлэн далайн бүтээгдэхүүн, загасны экспорт тавдугаар сараас зургадугаар сарын хооронд 13.6 сая ам.доллараар нэмэгдэж, 46.7 тэрбум ам.долларт хүрсэн байв.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА