Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээний сугалааны үйл ажиллагаа өчигдөр /2017.08.15/ боллоо.
Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохиогдсон “Үндэсний цом”-ын эхний дөрвөн байрын Дорнод, Орхон, Увс, Сүхбаатар аймгийн шигшээ багууд энэ жилийн дөрвөн хэсгийг толгойлсон. Орхон аймгийн Эрдэнэт хотын ногоон талбайд энэ сарын 16-24-ны хооронд явагдах “Үндэсний цом”-д 18 аймгийн шигшээ баг өрсөлдөнө. Анх 2008 онд аймгуудын цом нэртэйгээр эхэлсэн тэмцээн 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах болж, өдгөө нийт 30 сая төгрөгийн шагналын сантай өндөр зэрэглэлийн, өрсөлдөөний талбар болоод байна. Энэ жилээс “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн тоглогчид клубийнхээ зөвшөөрлөөр “Үндэсний цом”-д оролцож байгаа нь тэмцээний чанар чансааг улам нэмж байгаа юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 18:00 цагаас Эрдэнэт хотын ногоон талбайд явагдана.
Эх сурвалж: МХБХ