“Дурсгалт уран барилгын сэргээн засварлалт, өнгө будгийн полихромын тухай” уулзалт хэлэлцүүлгийг Богд хааны ордон музейд өнөөдөр /2017.08.16/ 15:00 цагт хийх гэж байна.
Уг хэлэлцүүлэгт яам, агентлаг, музей, соёлын өвийн төв, архитекторчид, сэргээн засварлалтын үйл ажиллагаа явуулдаг компанийн сэргээн засварлагчид, судлаачид оролцох ажээ.
Богд Хааны Ордон Музей нь сэргээн засварлалтын суурь судалгааны мэдээллийн сан бий болгох зорилгоор Австри улсын Вена хотын Хэрэглээний Их Сургуулийн сэргээн засварлах Институттай хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Уг төслийн хүрээнд “Монгол дахь соёлын өвийг сэргээн засварлах нь” нэртэй сургалт зохион байгуулах бөгөөд эртний дурсгалт уран барилгын будагны “полихром”-ийн талаар мэдээлэл өгөх гэнэ.
Вена хотын Хэрэглээний Их Сургуулийн сэргээн засварлах Институтийн захирал хатагтай Габриел Крист болон эртний дурсгалт уран барилгын будагны “полихром”-ийн талаар докторын ажлаа хийж байгаа мэргэжилтэн Катарина Кохлер Монгол улсад хүрэлцэн ирж төслийг удирдан явуулах болно.
Габриел Крист нь өмнө нь Монголын соёлын өвийн байгууллагуудтай ажиллаж байсан туршлагатай бөгөөд соёлын өвийг сэргээн засварлах салбарт нэр хүндтэй нэгэн юм. Катарина Кохлер нь эртний барилгын будагны “полихром” сэргээн засварлалт болон түүний судалгааны ажил зэрэгт мэргэшсэн. Тэрээр өмнө нь Энэтхэгийн хойд хэсэгт орших Ладак болон Буддын шашны хэд хэдэн хийдийн гаднах өнгө будгийг сэргээн засварлаж байсан туршлагатай мэргэжилтэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
А.Сүрэн
Холбоотой мэдээ