Хэнтий аймгийн Биндэр сум, Онон Хурхын бэлчирт Ардчилсан намын зүүн бүсийн чуулга уулзалт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Чуулганы гол зорилго нь нам шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор намын гишүүн бүрийн оролцоог дээшлүүлэх, нийслэл орон нутгийн намыг харилцан уялдаа холбоотой ажилуулах, туршлага солилцох гэх зэрэг олон талт чадварыг сайруулах байв. Мөн тэр бүр нийслэл хотод болж байгаа намын болон улс төрийн арга хэмжээнд ирж оролцох боломжгүй гишүүдэд намын бодлого, цаашдын зорилгоо танилцуулснаараа онцлог болов. Чуулганд АН-н дарга С. Эрдэнэ, УИХ дахь АН-н бүлгийн дарга Ж. Эрдэнэбат, УИХ-н гишүүн Ж. Батзандан, УИХ-н гишүүн Д. Мурат, УИХ-н гишүүн асан Б.Гарамгайбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваан, АН-н хэрэг эрхлэх газрындарга Д. Үүрийнтуяа, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашорюу Дагвадорж болон нийслэл орон нутгийн 700 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Чуулганы үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын хууль, эрх зүйн газрын дарга Б.Батхуяг, хуульч Д.Оросоо, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат нар хөндөж бодлогын хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын хаврын чуулганы үеэр хийсэн ажлынхаа талаар намынхаа гишүүдэд мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн намын гишүүдийнхээ идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бодлогын сургалтуудыг зохион байгуулахаас гадна гар бөмбөг, хөл бөмбөг, Эх орон-36 буухиа тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж, байгалийн гамшиг болон гал түймрийн үеэр гэр оронгүй болсон нутгийн гурван өрхөд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэх сайн үйлсийн аян зохион байгууллаа. Энэ талаар АН-ын дарга С. Эрдэнэ хэлэхдээ ‘Бидний хувьд 2020 оныг угтан хийх томоохон ажил бол намын шинэчлэл юм. Энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд бүсийн чуулганыг явуулж байгаа. Энэ чуулганы үр дүн өндөр гарна гэдэгт итгэлтэй байна. Улс төрийн намууд сонгууль өнгөрөөд л амралтын байдалтай болж, сонгуулийн эхлэхээр гэнэт ажиллаж эхэлдэг. Энэ буруу тогтолцоог арилгаж, гишүүдээ хөгжиж дэвшиж байх бололцоогоор хангахын төлөө ажиллаж байна. Цаашдаа бидний хийх их ажлын эхлэл энэхүү чуулга уулзалт болж байна’ гэсэн юм.
Ш.ОЧ